НОБГ: Борооны ус тогтсон зургаан байршилд усыг соруулж, аюулгүй байдлыг хангаж байна
Борооны ус тогтсон байршлуудад усыг соруулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээллээ.
Өчигдөр, өнөөдөр үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн зарим байршилд ус тогтсон зургаан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу НОБГ, Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 28 ажилтан, албан хаагч, 12 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, зургаан байршлын усыг соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав.
Бусад дуудлагад дүүрэг, хороо, СӨХ-ны холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд иргэд та бүхнийг хол ойрын замд баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



