Сингапурын шүүх ундааны соруул долоосон дуулианы эзэн Францын оюутныг $465-аар торгох шийдвэр гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сингапурын шүүх өчигдөр жимсний шүүс зардаг автомат машины соруулыг долоогоод буцааж тавьсан Францын оюутанд 600 сингапур долларын ($465) торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.

19 настай Дидье Гаспар Оуэн Максимилен олон нийтийн дунд танхайрсан гэм буруугаа хүлээсэн тул ийм шийтгэл оноосон юм байна.

Ийм төрлийн гэмт хэрэгт тус улсын шүүх 2,000 хүртэл сингапур долларын торгууль ногдуулах, гурван сар хорих, эсвэл эдгээрийг хослуулах шийтгэл оноодог. Прокурор болон өмгөөлөгчийн аль аль нь торгууль ногдуулах хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгожээ.

Сингапурт сурдаг Максимилен энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр соруулыг долоогоод автомат машинд буцаан хийж байгаа дүрс бичлэгээ “энэ хот аюулгүй биш” гэсэн тайлбартайгаар Инстаграм хуудсандаа нийтэлж байв.

Уг бичлэг тэр дороо олны анхаарлын төвд орж, нийгмийг нэлээд бухимдуулсан юм.

зураг
 

Автомат машиныг ажиллуулдаг iJooz компани Максимилений хэрэглэсэн машины бүх 500 соруулыг шинээр сольсноо зарлаж байжээ.

Максимилен “Ийм асуудал үүсгэсэндээ үнэхээр их харамсаж байна. Тухайн үед тоглоом наадам мэт санагдаж байсан үйлдэл маш ноцтой асуудал болж хувирсныг сайн ойлгож байна” гэж хэлснийг Страйтс Таймс сонин өмгөөлөгчөөр нь дамжуулан авснаа мэдээлсэн байна.

Сингапурын худалдааны төвүүд, метроны өртөөнүүд болон орон сууцны хорооллуудад аяга тутам нь 2 сингапур долларын үнэтэй шинэхэн жимсний шахсан шүүс худалддаг автомат машинууд түгээмэл байдаг.

 

Эх сурвалж: BBC