Цонжин Кибер Боардинг Сургуулийн англи хэлний хөтөлбөр шинэ шатанд хэрэгжинэ
Цонжин Кибер Боардинг сургуулийн англи хэлний сургалтын бүтэц 2026–2027 оны хичээлийн жилээс цогцоороо шинэчлэгдэж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд бага ангийн сурагчид Cambridge Primary, дунд ангийн сурагчид Cambridge Lower Secondary, ахлах ангийн сурагчид IGCSE-ийн агуулга, үнэлгээний стандарттай уялдсан хөтөлбөрөөр шатлан суралцана.
Хүүхэд өдөр тутмын англи яриаг ойлгодог байлаа гээд математикийн бодлогын нөхцөл, шинжлэх ухааны нэр томьёо, компьютерын хичээлийн тайлбарыг шууд ойлгоно гэсэн үг биш. Хичээл бүр өөрийн мэргэжлийн үг хэллэг, тайлбарлах арга барил, логик бүтэцтэй байдаг учраас академик англи хэлний чадварыг тусгайлан хөгжүүлэх шаардлагатай.
Иймээс сургалтын шинэчлэлийн зорилго нь англи хэлний цагийг нэмэхээс гадна сурагчийг англи хэлээр бусад хичээлээ судалж, асуултаа ойлгож, бодолт болон туршилтын үр дүнгээ тайлбарлаж, өөрийн шийдлийг хамгаалж чаддаг түвшинд хүргэхэд чиглэж байна.
Шинэ бүтцээр англи хэлний хичээл долоо хоногт 7–12 цаг орж, үүнээс 4–6 цагийг гадаад багш заана. Үүн дээр математик, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн 5–7 цагийн хичээл англи хэл дээр нэмэгдсэнээр нэг сурагч долоо хоногт нийт 12–15 цаг англи хэл дээр суралцах орчинд байна.
Мөн 1–12-р ангийн сурагчид өдөр бүр багадаа хоёр өөр гадаад багштай ажиллана. Ингэснээр хүүхдүүд өөр өөр дуудлага, ярианы хэв маягийг сонсож, англиар харилцах орчинд тогтмол байхаас гадна хичээлийн агуулгыг англи хэлээр ойлгож, тайлбарлах дадлыг өдөр тутамдаа хөгжүүлнэ.
Бага ангийн сурагчид англи хэл, математик, шинжлэх ухааны суурь ойлголтыг насны онцлогт тохирсон хялбар агуулгаар англи хэл дээр хүлээн авч эхэлнэ. Тэд дүрслэл, туршилт, тоглоом, төсөлд суурилсан хичээлээр шинэ үг хэллэгээ хэрэглэж, сонссон зүйлээ ойлгон илэрхийлэх сууриа тавина.
Дунд ангийн сурагчид математикийн бодлогын нөхцөлийг англиар унших, шинжлэх ухааны туршилтын үйл явц болон үр дүнг тайлбарлах, компьютерын даалгаврыг англи хэл дээр гүйцэтгэх зэргээр академик хэлний чадвараа илүү гүнзгийрүүлнэ.
Ахлах ангийн сурагчдын хувьд бага, дунд ангидаа тавьсан суурин дээрээ тулгуурлан мэргэжлийн болон бизнесийн агуулгыг англи хэлээр судална. Мөн IGCSE-ийн шалгалтын арга барил, олон улсын шалгалтын оноо, их сургууль болон тэтгэлгийн бэлтгэлдээ төвлөрөх боломжтой болно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сургуулийн англи хэлний багийг 10–12 багшийн бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлж, талаас илүү хувийг гадаад багш нар бүрдүүлнэ. Түүнчлэн Cambridge-ийн хөтөлбөрөөр хичээл заах эрхтэй математикийн хоёр, шинжлэх ухааны хоёр багшийг сонгон шалгаруулж, сургалтын багт нэгтгээд байна.
Энэхүү шинэчлэлийн үр дүнд сурагчид англи хэлээр сонсох, ярих, унших, бичихээс гадна математик бодож, шинжлэх ухааны ойлголтоо тайлбарлаж, компьютерын төсөл хэрэгжүүлж, мэдлэгээ бодит нөхцөлд ашиглах чадвараа хөгжүүлнэ.
Цонжин Кибер Боардинг Сургуулийн зорилго нь хүүхдийг зөвхөн англиар ярьдаг болгоход бус, англи хэлээр бодож, суралцаж, судалж, мэдлэгээ ойлгомжтой тайлбарлаж чаддаг олон улсын түвшний суралцагч болгон төлөвшүүлэхэд оршиж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
