Хүүдээ хүн алах зэвсэг бэлэглэсэн эр АНУ-ын шүүхээс 15 жилийн хорих ял сонсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Жоржиа мужийн Апалачи Ахлах Сургуулийн хоёр сурагч, хоёр багшийн амийг хөнөөсөн хүүдээ галт зэвсэг өгсөн эр өчигдөр АНУ-ын шүүхээс 15 жилийн хорих ял сонсжээ.

Хэд хоногийн өмнө түүний хүү Колт Грэй 2024 оны есдүгээр сарын 4-ний өдөр үйлдсэн уг аллагынхаа төлөө бүх насаар хорих ял сонссон юм.

Хүүгийн эцэг Колин Грэйн өмгөөлөгч 10 жилийн хорих ял, дараа нь үргэлжлүүлээд 10 жил тэнсэн харгалзах ял оноох хүсэлтийг шүүхэд гаргаж байжээ. Харин прокурорууд Грэйд 80 жилийн хорих ял оноохыг хүссэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Колт Грэйд ял оноосон шүүгч Николас Примм эцгийг нь “хүүгийнхээ үйлдсэн ноцтой гэмт хэрэгт шууд холбогдох хайхрамжгүй байдалд буруутай” гэж дүгнэжээ.

Колин Грэй нь хүүхдийнхээ галт зэвсгээр үйлдсэн аллагад давхар буруутгагдсан цөөн эцэг эхийн нэг болж байна.

зураг
 
Колт Грэй

Түүний хүүгийн аллагын хохирогчид нь 14 настай хоёр сурагч болох Мэйсон Шермерхорн, Кристиан Ангуло нар, тэдний багш болох 39 настай Ричард Аспинволл, 53 настай Кристина Ирими нар байсан юм.

Аллагын үеэр өөр нэг багш, найман сурагч шархдаж байжээ.

Хохирогчдын ар гэрийнхэн хүүхдэдээ анхаарал халамж тавиагүй үндэслэлээр Грэйд аль болох хүнд шийтгэл оноохыг хүсэж байв.

Колин Грэй зул сарын баяраар хүүдээ хагас автомат бууг сум хэрэгслийн хамт бэлэглэж байсныг прокурорууд тогтоосон юм.

Аллага үйлдэх үедээ 14 настай байсан Колт Грэйгээс өмнө нь сэтгэцийн эрүүл мэнд муудсан шинж тэмдэг ажиглагдаж байсныг гэрчүүд баталсан байна.

Хүүгийн ээж Марси Грэй аллагаас хэдэн долоо хоногийн өмнө салсан нөхөртэйгөө маргалдаж, галт зэвсгийг хүүхдээс хол байлгахыг шаардаж байсан гэнэ.

зураг
 

55 настай Колин Грэйд оноосон 15 жилийн хорих ял “шоронд үхэх” шийтгэлээс бараг ялгаагүй болж байна.

АНУ-д прокурорууд сүүлийн жилүүдэд хүүхдийн үйлдсэн хүн амины гэмт хэрэгт эцэг эхийг нь давхар шийтгэдэг болоод байгаа.

2021 онд Мичиган мужийн Оксфорд Ахлах Сургуулийн байранд дөрвөн сурагчийн амийг хөнөөсөн Этаны эцэг эх Женифер болон Жэймс Крамбли нар ийм төрлийн анхны яллагдагчид болсон юм.

Тэд хүүгийнхээ юу төлөвлөж байгааг мэдээгүй ч галт зэвсэг бэлэглэсэнд буруутгагдсан бөгөөд санаатай хүний амь хөнөөсөн хэргээр тус бүр 10 жилийн хорих ял сонсож байв.

 

Эх сурвалж: Associated Press