Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Байдраг, Таац, Хөгшин Орхон, Хархираа, Намир зэрэг голууд ХҮЧТЭЙ ҮЕРЛЭЖ байна
Өнөөдрийн байдлаар Тэрэлж, Туул /Улаанбаатар хот, Лүн сум/, Сөгнөгөр, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Таац, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, Намир /Өмнөговь сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэж байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот болон Алтанбулаг сум/, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Урдтамир, Хөгшин Орхон, өврийн Байдраг, Шаргалжуут, Онги /Арвайхээр, Сайхан-Овоо сум/, Таац, Зэгстэй, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгдсэн байна.
Маргааш буюу 31-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Алтанбулаг сум орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 15 см, Онон гол Дадал сум орчимд 30 см тус тус нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
