АҮЭБЯ: Хөршүүдээс бүтээгдэхүүн авах хэлцэл амжилттай байгаа. 10 хоногийн хугацаанд хэвийн нөөцөд хүргэнэ
Монгол Улсад үүсээд байгаа газрын тосны бүтээгдэхүүний асуудал иргэдийг бухимдуулж, оочир дараалал үүсгэн хөдөө орон нутгуудад тасалдал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/АҮЭБЯ/-наас дараах мэдээллийг өнөөдөр өглөө.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Дашпүрэв "Аймгийн төвүүдэд түгээлт сайн хийгдэж байна. Зарим нэг сумдад тасарсан байгаа. Харин нийслэлд Пестровис нөөц харьцангуй багассан. Шунхлай, Тес петролиум харьцангуй нөөцтэй, хязгаар тогтоогоод олгож байна.
Маргаашаас эхлээд Петсровис болон Сод Монгол, Шунхлай, Тес петролиумд нөөц нэмэгдүүлэх бодлогын ажлуудыг хийж байна. Маргаашаас эхлээд түгээлт нэмэгдэнэ гэж харж байна.
Боршоо, Цагааннуур боомтоор дамжуулан бүтээгдэхүүн орж ирдэг байсан бол ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотойгоор Евро 5 төрлийн бүтээгдэхүүнээс өөр төрлийн бүтээгдэхүүн орж ирэх боломжгүй. Зарим үед орж ирэх боломжгүй нөхцөл үүссэн. Хамгийн хол тээвэрлэлт хийдэг баруун бүсийн хангалтыг Улаанбаатар хотоос хийж байна.
Говийн бүс харьцангуй гайгүй байгаа. Иймд Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган чиглэлийн бүс нутгуудын хангалтыг хийнэ.
Бүхий л аж ахуйн нэгжүүд бусад улс орнуудаас бүтээгдэхүүн авахаар илэрхийлж ажиллаж байгаа. Иймд энэ нөхцөл байдлаа ойлгож хүлээцтэй байхыг хүсье. Олон сар жилээр үргэлжлэхгүй. Хоёрдогч, гуравдагч хөршүүдээс бүтээгдэхүүн авах хэлцлүүд амжилттай явж байгаа" гэв.
ОХУ-аас ачилтаа нэмэгдүүлэх тал дээр нааштай хариу өгсөн ба 10 хоногийн хугацаандаа буцаад хэвийн буюу 30 хоногийн нөөцөд хүргэж ажиллана гэдгийг онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
