Ёкозүна Хоошёорюү гурван өдөр дараалан кинбоши алдлаа
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна.
Бэртлийн улмаас өнгөрсөн тэмцээнийг өнжсөн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эргэн ирсэн ч гурван өдөр дараалан кинбоши алдлаа. Ёкозүна цолтой бөх цолгүй бөхөд унахыг кинбоши гэдэг. Тэгвэл Хоошёорюү сүүлийн гурван өдөрт Фүжирюүга, Үра, Фүжисиеүн нарт дараалан унав.
Ингэснээр С.Бямбасүрэн 2025 оны гуравдугаар сараас хойш 23 удаа кинбоши алдлаа. Тэрбээр энэ сөрөг амжилтаараа бүх цаг үед 25-д жагсаж байна.
Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа кинбоши алдсан ёкозүна бол Китаноүми. Тэрбээр 1974 оноос 1985 он хүртэл 11 жилийн хугацаанд 58 удаа "алтан од" алдаж байсан бол араас нь Харүмафүжи Д.Бямбадорж 45-аар бичигддэг аж.
Монгол аваргуудаас
- Харүмафүжи Д.Бямбадорж - 45,
- Какүрюү М.Ананд - 39,
- Хакүхо М.Даваажаргал - 31,
- Асашёорюү Д.Дагвадорж - 30,
- Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ - 27,
- Хоошёорюү С.Бямбасүрэн - 23 удаа кинбоши алдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
