Зэвсэгт этгээдүүд өдрийн цагаар Парисын үнэт эдлэлийн дэлгүүрээс нэг сая гаруй еврогийн эд зүйлс дээрэмдээд зугтжээ
Пүрэв гарагт Парис хотын "De Beers" үнэт эдлэлийн дэлгүүрт зэвсэглэсэн этгээдүүд халдаж, нэг сая еврогоос дээш үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдсэний дараа мотоцикл хөлөглөн зугтсан тухай Францын албаныхан мэдээлжээ.
Урт голтой галт зэвсэг барьсан сэжигтнүүд орон нутгийн цагаар өглөөний 11:00 цагийн орчимд хотын хоёрдугаар тойрогт байрлах тус дэлгүүрт халдсан байна.
Парисын цагдаагийн газрын мэдээлснээр дээрмийн үеэр тэд зэвсгээрээ сүрдүүлсэн ч гал нээгээгүй бөгөөд хэн нэгэн бэртэж гэмтээгүй гэнэ.
Цагдаагийн эх сурвалж дээрэмдүүлсэн эд зүйлсийн үнэлгээ нэг сая еврогоос давах тооцоотой байгааг мэдээлсэн байна.
Нүүрээ халхалсан (балаклава малгай өмссөн) дөрвөн сэжигтэн дээрмийн дараа мотоциклоор хурдны замыг чиглэн зугтсан тухай нэрээ нууцалсан гэрч мэдээлжээ. Тэдний нэг нь автомат буутай байсан гэнэ.
Парисын цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлахад ихээхэн хүч хэрэгсэл дайчлан ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс уг хэргийг "зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн үйлдсэн зэвсэгт дээрэм" гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснийг прокурорын газар мэдээлсэн байна.
Салбартаа тэргүүлэгч "De Beers" компани нь Өмнөд Африкаас гаралтай алмазын худалдаанд олон жилийн турш ноёрхож ирсэн юм.
"De Beers Group"-ийн төлөөлөгч Парисын тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүрүүд төвлөрдөг "Place Vendôme"-ийн ойролцоох "Rue de la Paix" гудамжинд байрлах дэлгүүрт нь дээрэм гарсан болохыг баталжээ.
Төлөөлөгчийн хэлснээр дээрмийн үеэр "ноцтой бэртэл гэмтэл" гараагүй бөгөөд компани ажилтнууддаа сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд тус дэлгүүрийг түр хаасан байна.
Парисын "Alliance" цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Фабьен Богайс хэргийн газарт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө автомат буугаар зэвсэглэсэн дөрвөн сэжигтэн хэдхэн минутын дотор хэдэн зуун мянган еврогийн үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэн авч явсныг дуулгажээ.
Энэхүү дээрэм нь 2025 оны аравдугаар сард Луврийн музейд өдрийн цагаар халдсан этгээдүүд 88 сая еврогийн үнэлгээ бүхий хаадын үнэт эдлэлийг хулгайлсан хэргийн дараа гарч байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

