Трампын засаг захиргаа сургуулиа төгсөөд АНУ-д үлдэж, ажиллах хүсэлтэй оюутнуудаас $100,000 авдаг болох гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа сургуулиа төгссөний дараа АНУ-д үлдэж, ажиллах сонирхолтой гадаад оюутнуудаас $100,000-ын хураамж авдаг болох талаар судалж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Нэрээ нууцалсан Цагаан ордны албан тушаалтан ойрын үед хэрэгжих төлөвлөгөө байхгүй ч ийм санаа яригдаж байгааг баталсан байна.

Хэрвээ ийм хураамжтай болбол оюутнуудын дунд түгээмэл хэрэглэгддэг төгсөлтийн дараах визийн сунгалт байхгүй болох юм.

“Optional Practical Training” нэртэй энэ сунгалт гадаадын оюутнуудад АНУ-д оршин суух хугацаагаа сунгаж, ажлын туршлага суух боломж олгодог.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д хууль бусаар үлдэх нэг арга зам болдог гэсэн үндэслэлээр албаныхан OPT-ийг онцгойлон анхааралдаа аваад байгаа гэнэ.

Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл өнгөрсөн намар OPT сунгалтад бараг 300,000 гадаадын оюутан хамрагдсан байсан нь АНУ-д сурдаг нийт гадаад оюутнуудын дөрөвний нэг орчим болжээ.

Трампын засаг захиргаа АНУ-ын их сургуулиудад суралцах гадаад оюутны тоог хязгаарлахад нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа.

Энэ сарын эхээр тус улсын дотоод хэргийн яам гадаадын оюутнууд суралцах хугацаа нь дуусаагүй л бол АНУ-д оршин суух эрхтэй байдаг олон арван жилийн турш хэрэгжиж ирсэн бодлогыг өөрчилж, хүндэтгэх онцгой шалтгаангүй бол дөрвөн жилээр хязгаарладаг болгосон.

Өмнө нь Цагаан ордон бас гадаадаас өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг авч ажиллуулахын тулд АНУ-ын компаниуд $100,000 төлөх хураамжтай болгож байсан.

Өнгөрсөн сард холбооны шүүх үүнийг нь хууль бус гэж дүгнэсэн ч Цагаан ордон давж заалдахаар болсон юм.

 

Эх сурвалж: Bloomberg