"Хүмүүс хүнсний ногоог 1-2 килограммаар, зарим нь бүр хэдхэн ширхгийг граммлаж авч байна"

Б.Мөнхтуяа, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх орны хөрсөнд ургуулж, тариаланчдын гар дээрээс хэрэглэгчдэд хямд, бөөний үнээр хүргэх зорилготой “Алтан Намар 2026” хүнсний ногоо, жимс жимсгэнийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 18 байршилд гарч эхлээд байна.

Тэгвэл "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд гол нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийн үнэ ханшийн мэдээлэл болон худалдан авалтын ямар байгааг сурвалжлахаар Барилгачдын талбайг зорьсон юм.

Эрэлттэй хүнсний ногоо, жимс жимсгэнийг нэг килограммыг нь хэдэн төгрөгөөр авах вэ?

  1. Төмс 2,000-2,500 төгрөг
  2. Лууван 3,500 төгрөг
  3. Манжин 3,500 төгрөг
  4. Хүрэн сонгино 4,000 төгрөг
  5. Шар сонгино 3,500 төгрөг
  6. Бөөрөнхий байцаа 2,000-2,500 төгрөг

Харин 800 грамм савлагаатай монгол чинжүүг 10,000-12,000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Жимсний тухайд тарвас 3,500, гадил 8,000, алим 7,000, жүрж 15,000, усан үзэм 18,000 төгрөгийн үнэтэй байв.

Мөн 300 грамм савлагаатай монгол гүзээлзгэнэ 25,000 төгрөгийн үнэтэй байхбөгөөд настайвтар худалдагч "Үнэтэй санагдаж байвал 20,000 төгрөгөөр аваарай" гэж байв.

"Дизель түлшний хомсдолоос болж нэг ажлаа хийж дуусгахын тулд 3-4 удаа дугаарлах шаардлага гарч байсан"

Тарьж ургуулсан хүнсний ногоогоо худалдаалахаар ирсэн тариаланчдын сэтгэгдлийг хүргэе.

зураг
 

Ургамал судлаач өвөөгийнхөө үлгэр дуурайлаар эмийн ургамлыг түүж, хатааж боловсруулан зүрхэн цэцгийн ханд тэргүүтэй 22 төрлийн эрүүл мэндийн бэлдмэл зэхэж ирсэн тэр нэгэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуу тариаланч О.Байгалмаа юм. 

- Тариаланчийн хувьд танд тулгарч буй хүндрэл бэрхшээл юу вэ?

- Ургуулж арчлах тал дээр бол бид өөрсдөө сайхан болгочихно. Харин хамгийн том асуудал нь түүнийгээ борлуулах л байдаг даа.

- Улаанбаатар хотод ногоогоо борлуулахын тулд ямар шат дамжлага дамждаг вэ?

- Эхлээд худалдаа эрхлэх хүсэлтээ сумандаа гаргасны дараа сум, аймаг, нийслэлийн агрономич нар ногоонуудад гарал үүслийн шинжилгээ хийдэг. Мөн бид өөрсдөө ч эрүүл ахуйн шинжилгээнд хамрагдаж, хувийн лавлагаа тодорхойлолтуудаа бүрдүүлж бүх юмаа жин тан болгоод баталгаажуулах код авснаар худалдаа эрхлэх эрхээ авдаг.

Мөн тэрээр ургац хураалтын ид үе түлш шатахууны хомсдолтой давхцаж, тракторын банкаа дүүргэхийн тулд 3-4 удаа ШТС-ын гадна дугаарлах шаардлага гарч байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Барилгачдын талбайд гарч буй үзэсгэлэн худалдаа хүн цөөн харьцангуй ил хуль санагдав. Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гарч эхэлснийг хүмүүс тэр бүр мэдээгүй бололтой санагдсан. Иймд ойролцоох өөр байршлыг зорилоо. 

Энэ жил Чингэлтэй дүүргийн хоёр байршилд "Алтан намар" гарч байгаагийн нэг нь Барилгачдын талбай, нөгөөх нь Бөмбөгөр худалдааны төвийн гадаах талбай юм. Бөмбөгөр худалдааны төвд Барилгачдын талбайг бодвол хөл хөдөлгөөн ихтэй байлаа. 

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй нэгэн худалдаа эрхлэгчээс “Төмс, лууванг шуудайгаар нь авбал хэд болох вэ?” гэхэд “Юун шуудайгаар байх вэ дээ, үүгээр ирж байгаа хүмүүс чинь шуудай битгий хэл чүүтэй айтай 1-2 килограмм, зарим нь бүр хэд гурван ширхгээр нь граммлаж авч байна шүү дээ. Байцаа л гэхэд хамгийн жижгийг нь л эргүүлж тойруулаад авч байна” хэмээн ярьсан юм.

Үзэсгэлэн худалдаагаар борлуулж буй хүнсний ногооны үнийг өмнөх жилийнхээс өөрчлөөгүй бөгөөд нийтлэг үнийн жишиг барьж байгаа гэж худалдаа эрхлэгчид хэлж байв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг