Испани улс Мароккогийн хилээр нэвтрэх дүрвэгчдийн тоо өссөнтэй холбогдуулан цэргийн хүч дайчлахаар боллоо
Испани улс Мароккотой хил залгаа Сеута орчимд дэг журам тогтоохын тулд цэргийн хүч илгээхээр болжээ.
Сүүлийн хэд хоногийн турш хилийн энэ хэсгээр олон мянган дүрвэгч нэвтэрч, энэ оролдлогын улмаас есөн хүн амиа алдаад байгаа юм.
Пүрэв гарагт орон нутгийн эрх баригчид хууль бус дүрвэгчдийн урсгалыг тогтоож дийлэхгүй болсон тул Мадрид дахь төв засгийн газраасаа тусламж хүссэн байна.
Өчигдөр орой Испанийн засгийн газар Сеутад дэг журам тогтоох зорилгоор зэвсэгт хүчний ангийг илгээхээр болсныг зарлажээ.
Бас ерөнхий сайд Педро Санчес, дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка нар өнөөдөр буюу Баасан гарагт Сеутад ирж, нөхцөл байдалтай танилцахаар болсон байна.
Хилийн хамгаалалтыг хариуцдаг Испанийн Иргэний Хамгаалалтын газрын тэргүүн Рашид Сбихи “Нөхцөл байдал туйлын эмх замбараагүй байна. Яг тодорхой тоо хэлж чадахгүй ч дүрвэгчид мянга мянгаараа хил давж байгаа. Хил үндсэндээ нурсан” гэж мэдэгджээ.
Мароккогийн Хүний Эрхийн Холбооны төлөөлөгч Ашраф Маймуни үүссэн нөхцөл байдлыг “ер бусын” гэж дүгнэсэн байна.
Марокко улсын засгийн газар хил дээр болж буй үйл явдлын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Сошиал орчинд тарсан дүрс бичлэгт олон мянган залуу эрчүүд, бас эмэгтэйчүүд, хүүхдүүд Марокко, Испани улсуудыг тусгаарладаг гүехэн устай хэсгээр сэлж. завиар хөвөн ирж байгааг харуулжээ.
Испанид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын бас нэг цагаачлалын гол зам болох Итали улсын засгийн газар арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тухайлбал тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони хэдийгээр хоёр улс шууд хил залгадаггүй ч “иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд” Испани улстай байгуулсан нээлттэй хилийн Шенгений гэрээг түдгэлзүүлэхийг анхааруулжээ.
Африкийн хойд эрэгт оршдог Сеута хот нь Испанийн газар нутаг бөгөөд тэнд хүрэхийн тулд дүрвэгчид Мароккогийн Финдек хотоос 5 км урт үргэлжилсэн усан замыг туулдаг.
2021 оны тавдугаар сард Сеутад ердөө хоёр өдрийн дотор 8,000 гаруй дүрвэгч ирж байсан удаатай.
Тухайн үед Марокко, Испани улсуудын хооронд дипломат маргаан дэгдэж байв.
Өнгөрсөн долоо хоногт Сеутад 1,500 гаруй дүрвэгч ирж байсан бол Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнөөс эхлэн олон мянгаараа нэвтрэх болжээ.
Испанийн дотоод хэргийн яам наймдугаар сарын 3-ны өдөр нийтлэгдэх тайландаа Сеутад яг хэдэн дүрвэгч ирснийг мэдээлэхээр болсон байна.
Энэ оны эхнээс долдугаар сарын 15-ныг хүртэл Сеутад хуурай газраар болон тэнгисээр нийт 3,000 орчим дүрвэгч ирснийг өмнө нь тус яам мэдээлж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

