ДЦС 5-ын дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 25 нэгж талбарыг чөлөөлсөн бол үнс зөөх ажил 20 орчим хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барихаар болж, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн тавдугаар сард эхлээд буй.

Барилгын талбайг бэлтгэх хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 орчим хувьтай үргэлжилж байгааг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв. 

ДЦС-2-ын 65 жил хуримтлагдсан үнс нь нэг сая куб.метр бөгөөд Морингийн даваанд буулгадаг байна. 2025-2026 онд буюу нэг жилийн хугацаанд ДЦС-2, ДЦС-4 ТӨХК-уудын үнс зайлуулах системийн шугам хоолойн шинэчлэл, өргөтгөлийн ажилд нийслэлийн төсвөөс ₮7.8 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Харин дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн байна.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсын анхны төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа эрчим хүчний төсөл бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр Камбож улсын “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байгаа билээ.

Станцыг барих нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар бөгөөд үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20% буюу 131.7 сая ам.доллар. 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоож, 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулна гэж мэдээлээд байгаа юм.