"Бензиний үнэ нэмэгдэхгүй, олон хоногийн нөөцтэй гэж иргэдэд худал мэдээлэл өгсөн сайд нарт хэзээ хариуцлага тооцох вэ"
Ардчилсан Нам(АН)-ын зарим гишүүн улс оронд үүсээд буй түлш шатахуун болон эдийн засгийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улс төрийн зорилготой шийдвэр гаргасан хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Өнөрбаяр "Эрх баригчдын хүн нь солигдсон ч арга барил нь солигдохгүй байна. Иргэдийн сонгуулийн үр дүнг хуулийн аргаар хулгайлдаг буруу жишиг цаашаа үргэлжлэх юм байна. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн засаг даргыг хуулийн үндэслэлгүй огцрууллаа.
Бид энэ асуудал дээр намын хуульч нартайгаа нийлүүлээд шүүхэд хандана. Шүүх арай ч эрх баригч намын газар хэлтэс болоогүй байх. Ерөнхий сайдын захирамжийн асуудлыг шүүхэд өгөөд явна.
Улс төрийн салбарт хуулийн хулгай хийдгээ болих хэрэгтэй. Жинхэнэ хариуцлагатай тооцох ёстой хүмүүс танай Засгийн газарт байна. Иргэдэд худал мэдээлэл өгөөд сууж байгаа сайд нар чинь. Бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн хаана байна вэ, олон хоногийн нөөц байгаа гэсэн чинь хаана байна вэ. Энэ хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох вэ?
Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хүндрэл, өвөлжилтийн бэлтгэлийг яаж хангах асуудлыг яаралтай шийдэх ёстой. Өмнө нь яриад байсан том том авлига, хулгайн хэрэгтэйгээ яаж тэмцэх вэ. Энэ зүйлүүд дээр хариуцлага тооцох ёстой болохоос биш сөрөг хүчнээ улс төрийн зорилгоор намнадаг нь буруу жишиг.
Энэ дээр АН зүгээр байхгүй. Ерөнхий сайдын хууль шийдвэрийг хүчингүй болгуулна. Үүний дараа Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг ярина.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд та нар хэт их эрт оржээ. Бодлого ярьчхаад та нар захиргааны арга хэрэглэж байна. Нэг дарга том дуугараад эдийн засаг сайжрахгүй" гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "МАН-д эрх мэдэл багадаагүй. Өнөөдөр 21 аймаг есөн дүүргийн дийлэнхэд МАН-д засаглаж байгаа. АН цөөхөн хэдэн аймагт засаглаж байгааг оролдож буйг бид эсэргүүцэж байна. АН-ыг бүү бас, ард түмнийг бүү бас. Е.Зангар шүлхийн асуудлаар өдөр шөнөгүй ажилласан, энэ хүн дээр ямар нэгэн хариуцлагын асуудал байхгүй.
Тамгын газрын дарга нь захиргааны асуудал дээр алдаа гаргасан учраас засаг даргыг нь огцруулж байсан тохиолдол өмнө нь байгаагүй. Тамгын газрын дарга нь захиргаа, бүтэц орон тооны асуудал дээр алдаа гаргасны төлөө эрүүгийн ял шийтгэл оногдуулахаар улайрч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
