Ирэх долоо хоногт болох НИТХ-ын хуралдаанаар иргэдийн өргөдөл, гомдлыг удаан шийдвэрлэж байгаа асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товложээ.
Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн Засаг даргад гэрээ байгуулах эрх олгох тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай, Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах зэрэг өмчийн харилцаатай холбоотой асуудал, Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг танилцуулах асуудлыг ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.
Иргэдээс өнгөрсөн хугацаанд орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, гудамж, талбайн тохижилт үйлчилгээ, авто зам, цагдаа, эрүүл мэнд, боловсрол, барилгын салбар болон газрын харилцаа, агаарын бохирдолтой холбоотой санал, гомдол зонхилон иржээ.
Харин нийтийн тээвэр, цахилгааны хангамж, нийгмийн даатгалын цахим системтэй холбоотой гомдол санал харьцангуй буурчээ.
Зөрчил гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд тухай бүрд нь хариуцлага тооцсон бөгөөд 2025-2026 онд хугацаа хэтрүүлсэн шийдвэрлэлт 1.5 дахин, зөрчлийн үзүүлэлт 6.8 дахин буурч, 2025 онд 97.8 хувь, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 93 хувьтай шийдвэрлэсэн ч нэг өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа дунджаар 23 хоног байгаа аж.
Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт дунджаар 23 хоног байгаа нь урт хугацаа учир ямар байгууллага, албан тушаалтны ширээнд өргөдөл, гомдол дарагдчихаад байгаа, цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн, илүү хурдан шийдвэрлэдэг байхад анхаарч ажиллах тухай ирэх сард болох НИТХ-ын хуралдаанаар мөн хэлэлцэх юм байна.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвөөс “Засаг дарга сонсож байна” тусгай дугаарын төвийг 2026 оны 8 дугаар сарын 1-нээс ажиллуулахаар болжээ.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

