ФОТО: "Монголчууд зуны тэргүүн сарыг их буяны сар хэмээн бэлгэддэг"
Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу тавдугаар сарын 31-нд тохиож байна.
Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байдаг.
Энэ жил бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг Гандантэгчэнлин хийдэд тавдугаар сарын 30-ны өдөр залж, 31-ний өдрөөс нийт сүсэгтэн олноо бурхан багшийн хоёр шавийн рэнсрэлд мөргүүлэх үйл ажиллагааг эхлүүлнэ гэдгийг мэдээлж байсан.
"Монголчууд зуны тэргүүн сарыг их буяны сар хэмээн бэлгэддэг. Энэ саруудад буян үйлдвэл олон түмээр арвижих боломжтой хэмээн үздэг" гэдгийг Гандантэгчэнлин хийдийн лам Ч.Ганхуяг хэлж байв.
Өнөөдрийн хөтөлбөрийг товч танилцуулбал:
- Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
- 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
- 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
- Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно.
2025 оноос эхлэн сүсэгтэн олон шөнөөр гэрэлт жагсаал зохион байгуулдаг болсон. Энэ жил ч мөн тэрхүү гэрэлт жагсаалыг хийхээр төлөвлөжээ.
Өөрт болон бусдад бие, хэл, сэтгэл гурваар хорлол үйлдэхгүй байхыг буян үйлдэх хэмээнэ. Өөрийнхөө сэтгэлийг номхотгох хэрэгтэй гэж бурхан багш айлдсан байдаг.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
