"Харамсалтай осол болсонд талийгаачийн аав ээж, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье"
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт гурван настай хүүхэд унаж амиа алдсан ослын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас өнөөдөр(2026.05.30) хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Харамсалтай осол болсонд талийгаачийн аав ээж, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Онцгой байдлын газраас ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Нийгмийн сүлжээнд осолтой холбоотой нэлээдгүй асуудлаар сенсац гарч байх шиг байна. Аврах ажиллагаа дууссан тул болсон процессын талаар мэдээлэл өгье.
2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт осол болсон дуудлага ОБЕГ-т 13:42 цагт ирж нисэх онгоцоор аврах баг, автомашинаар хөдөлгөөнт багуудыг тээвэрлэсэн.
Осол болсон газарт аврах ажиллагааны уургалж татах, шатлан малталт, хөндлөн малталтын гурван тактикийн аргыг хэрэглэсэн юм. Тухайн газар дээр очиход хүүхэд 30 метрийн гүнд гацсан байсан. Нутгийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг иргэдтэй ярилцахад өрөмдлөгийн 30-50 метрийн гүнтэй цооногууд байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Хэмжилт хийхэд хүүхэд 30 метрийн гүнд байсан, могойн нүд камераар хэмжилт хийхэд хариу үйлдэл үзүүлээгүй, амьсгалын шуум сонсогдож байсан мэдээ ирсэн. Үүнээс үндэслэж уургалан татах аргаар гаргах гэж үзэхэд үүрч явсан цүнх нь зүүн гарт нь сул дарагдсан байсныг татахад гараад ирсэн. Харин хүүхдийн зүүн гарнаас уургалж татахад хөшигдөөд татах боломж байгаагүй. 30 метрийн гүн гэдэг нь 10 давхар байшин гэсэн үг.
28 см диаметртэй эгц доошоо давчуу цооногт хүүхэд унахдаа хажуу хананд хүрэлцэж хурд саарч доош унасан байх гэж тооцоолсон юм. Дээрээс татах боломжгүй учраас шатлан малталтын аргыг ашигласан. Тухайн цооногоос аюулгүйн зайг тодорхойлж хүн машин механизмаар шатлан малталтыг хийдэг. Энэ аргыг олон улсад ашигладаг. Уул уурхайн яам болон салбарын зөвлөх, инженер, хувийн хэвшилтэй зөвлөлдөж, уг ажлыг зохион байгууллаа.
70 метрийн урт, 40 метрийн өргөнтэй талбайг богино хугацаанд ухахад ойролцоо уул уурхайн компаниудын техник хэрэгслийг дайчилж, шуурхай ажлыг эхэлсэн байгаа. Хүнд машин механизмын хүчээр ийм их шороог гаргах бололцоотой, хүний хүчээр хийх боломжгүй. Хүнд машин механизм ажиллаж байгаа үед аюулгүй зайг стандартын дагуу тогтоодог. Энэ дагуу осолдсон хүнийг хүчилтөрөгчөөр хангах, хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүллээ.
Уул уурхайн компанийн 5 экскаватор, 11 дамп гурван шаталсан малталтыг хийж 21,000 м.куб шороог тавдугаар сарын 28-ны 22:00 цаг хүртэл гадагшлуулж дуусгасан. Энэ цагаас хөндлөн малталтын ажлыг ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги бүрэлдэхүүн эхлүүлж 1 метрийн өндөр 80 см өргөнтэй, 11.8 метр нүхийг ухаж осолдогчийн байгаа цэгт хүрсэн байна. Хүүхэд 30.1 метрийн гүнд хагас суугаа байдалтай, зүүн гар дээрээ, баруун гар доороо мөр, толгой нь сул шороо руу хонхойж орж, амь насаа алдсан байсныг гаргасан. Аврах ажиллагаа 55 цаг 19 минут явагдаж хүүхэд нүхэнд унаснаас хойш 59 цаг 46 минутын дараа цогцсыг гаргаж, холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн. Уурхайн ослууд гардаг ч бачуу зайтай гүн нүхэнд хүүхэд унасан осол Монгол Улсын хэмжээнд анх удаа гарлаа.
Улсын хэмжээнд уул уурхайн осол дээр ажилладаг Уул уурхайн аврах анги ганцхан байдаг" гэж мэдээллээ.
Сэтгүүлчийн асуултад:
- Хүүхдийн амьсгалын шуум илрэхэд хүчилтөрөгчөөр хангах, шөнийн цагт тухайн орчинд дулаан бигнүүр хийх аргыг хэрэглэсэн. Тавдугаар сарын 28-ны үүрээр 04:00 цагаас хойш хүүхдийн шуум сонсогдохоо больсон. Эрүүл мэндийн байгууллагынхныг авчирч могойн нүдэн камераар харуулсан ч биечилж үзэхгүй бол тогтоох боломжгүй байсан. Хүүхдийг амьд байх боломжтой гэж богино хугацаанд гаргахаар аврагч нар болон бүх хүн тасралтгүй ажиллалаа.
- Нинжа буюу хувиараа алт олборлодог 20 орчим хүн тухайн газарт очиж, аврах ажиллагаанд оролцъё гэж хэлсэн байсан. Бидэнд мэргэжлийн бус хүнийг аврах ажиллагаанд оролцуулах боломжгүй. Тэдний аюулгүй байдал алдагдах, аврах ажиллагаанд саад учруулж дараагийн аваар осол гарвал хэн хариуцах вэ гэдэг асуудал гарна. Аврах ажиллагаа нь цусаар бичигдсэн дүрэм, журам, стандартын дагуу явагддаг. Ялангуяа газрын гүнд ажиллаж байгаа аврагч нар сэтгэлзүйн хувьд тогтвортой, баг болж ажилладаг. Хөндлөнгийн ямар нэгэн хүн оруулахаар янз бүрийн санаа гаргаж үл ойлголцол үүсдэг. Нинжа нарын ярьж буй арга тактик стандарт бус арга хэрэгсэл. Үүнийг уул уурхайн салбарын инженерүүд, Онцгой байдлын зөвлөх инженер, туршлагатай ахмад ажилтнууд мэдэж байгаа, бид тэдний саналын талаар зөвлөлдсөн.
- Ослын голомтод гаднын хүн оруулдаггүй ч тухайн уурхайн хоёр хүн мотор оруулж өгсөн.
- Онцгой байдлын байгууллагын техник хэрэгслийн хангамж 58 хувьтай байгаа. Хүнд машин механизм бүгд байгаа ч холоос аваачихаар хугацаа алдана. Хязгаарлагдмал нөхцөлтэй аврах ажиллагаанд гарын доорх багаж хэрэгслийн ашигладаг.
- Хүн нүх рүү доош унахдаа гацсан тохиолдолд амьд байх боломж бий. Энэ тооцооллоор ажилласан ч харамсалтай нь хүүхэд нүхний эхэнд хөлөөрөө хөндлөн буюу хагас ташуулдсан байдлаар ойчсон байлаа. Хүүхэд хэзээ амь насаа алдсаныг мэргэжлийн байгууллага тогтооно" хэмээн хариулав.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
