А.Дашням: 30 метрийн гүн нүхэнд унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна
Төв аймгийн Заамар сумын нутагт 30 метр гүн ухсан нүхэнд гурван настай хүүхэд унаж 20 орчим цаг өнгөрч байгаа асуудлаар ОБЕГ-аас мэдээлж байна.
Хүүхдийн амь насыг аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд өчигдөр хяналтын камерын тусламжтайгаар харахад хүүхэд амьсгалж байсныг ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням хэллээ.
100 гаруй хүн хүч нийлж, хүнд зориулалтын 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.
Нөхцөл байдлын талаар "Өчигдөр 12:40 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар багийн Ар наймган гэх газарт гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн онцгой байдлын газарт ирсэн. Үүнтэй холбогдуулан Төв аймгаас аврах баг гарч нэмэлтээр эрэн хайх аврах ажлыг нисдэг тэргээр зохион байгуулж, Онцгой байдлын Уул уурхайн аврах баг хөдөлгөөн үйлдэж ослын газарт очсон.
Алба хаагчдыг очиход 30-50 метрийн гүн хуучин өрмийн цооногт гурван настай хүүхэд санамсаргүй байдлаар унасан байсан.
Аврах баг бүрэлдэхүүн могойн нүд камер ашиглаж үзэхэд хөлөөрөө ороод гацсан байдалтай хариу өгөөгүй. Тухайн үед амьсгалж байсан чимээ гарч байсан. Улмаар аврах баг тактикийн түвшинд бугуйлдаж гаргах ажлыг зохион байгуулж үзсэн боловч хөшөөд гарах боломжгүй байсан. Тиймээс дөрвөн метрийн зайтай шатлан ухах ажлыг өчигдрөөс хойш эхлүүлээд байна.
Хүүхэд маань 30 метрийн гүнд гацсан байгаа. Тиймээс харалдаа газрыг дөрвөн метрийн зайтай хөндлөн ухаж, аврагч нар маань хүүхдийг гаргах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Онцгой байдлын газар, цагдаа, уул уурхайн яам, уурхай зэргээс нийт 100 орчим хүн хүч гарч, хүнд зориулалтын 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр 20 метр орчим нүхийг ухаад байна. Өчигдөр шөнөжин ээлжилж ухах ажлыг зогсолтгүй хийсэн. Одоо 10 метр орчим нүх ухвал хөндлөн ухалтаа хийнэ гэсэн үг.
Хүүхдийг доош дахиж алдахгүйн тулд гогцоо дэгээгээр давхар цамцнаас нь оосорлож тогтоосон байгаа.
Хүчилтөрөгчийн хэмжилт хийхэд 19-20 хувьтай байна. Харанхуй болж хүйтэрсэн учраас өчигдөр шөнөжин дээрээс нь дулаан өгөхөөр саванд ус хийж өгсөн. Хүүхэд хариу үзүүлээгүй. Камерын бичлэгээс харахад амьсгалын чимээ сонсогдсон.
Гүн эгц нүх учраас хүүхдийн хөл, гар бэртсэн байх магадлалтай. Давчуу зайнд хөдөлгөөнгүй 20 гаруй цаг байна гэдэг бол хүнд асуудал. Нүхний диаметр 25-30 сантиметр байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
