ХОХИРОГЧ ИРГЭН: Хэрэв банк миний дансыг хурдан хаасан бол ядаж л сүүлийн хоёр гүйлгээ гарахгүй байсан
Томоохон байгууллагуудын нэр барьж, харилцагчдыг нь төөрөгдүүлэх замаар хувийн мэдээллийг нь авч, залилах хэрэг гарсаар байна.
Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон нэгэн иргэн өнөөдөр манай редакцтай холбогдлоо. Тэрбээр нэр бүхий банкны харилцагч бөгөөд олон жил тус банкаар үйлчлүүлж буй аж. Энэ үйл явдал өчигдрийн 15:10 цагт эхэлсэн бөгөөд данснаас нь хоёр удаагийн гүйлгээ гарах үед буюу 15:16 цагт банк руугаа холбогдож, дансыг нь хаахыг хүсэхэд шаардлагатай мэдээллүүд тодруулах, болсон процессыг тодруулах зэргээр 15:18 цагт утасны яриа өндөрлөжээ. Харамсалтай нь банктай ярих хугацаанд ч түүний данснаас мөнгө гарсан байсан гэв.
Тэрбээр "Би ..... банкны харилцагч. Өчигдөр 35 жилийн ой гэдэг линк дээр дарж, мэдээллээ оруулсан юм. Энэ бол миний өөрийн алдаатай үйлдэл. Нэг данс гэнэт цуцлагдангуут банк руугаа залгасан. Гэтэл надаас байршил гэх мэт олон зүйл асуусан. Ярьсан хугацаа нь хоёр минут. Уг нь би дансыг минь яаралтай хааж өгөөч, мөнгө гараад байна гэдгээ хэлж гуйхад ийм мэдээлэл авах ёстой байдаг гэсэн. Эцэст нь дансыг маань хаалаа, та 102 дугаар руу залгаж мэдэгдээрэй гэхээр нь 102 руу ярьсан. Гэтэл энэ үед ч данснаас гарсан байв.
Найман удаагийн гүйлгээгээр нийт 30 гаруй сая төгрөг миний данснуудаас гарсан. Бүртгэлтэй дугаараасаа ярьж байна гэж байхад маш олон зүйл асуусан. Банктай ярьсан хоёр минутын хугацаанд гэхэд зургаан шилжүүлэг хийгдсэн.
Залилан ихэссэн энэ үед банк харилцагчаа хамгаалахын тулд хэрэглэгч нь гомдол гаргавал ямар шуурхай арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхой байлгах ёстой л гэж бодож байгаа. Операторт хариуцлага тооцно гэж банкныхан хэлсэн. Гэхдээ би ийм зүйл хүсэхгүй. Тэд дээрээс өгсөн заавар чиглэлийн дагуу л ажиллаж байгаа хүмүүс.
Банк бол маш том системтэй байгууллага байдаг. Системийнхээ хэмжээнд хариу арга хэмжээ авах ёстой байтал ганц операторыг ажлаас нь халчхаж болохгүй. Хэрэв миний дансыг хурдан хаасан бол сүүлийн хоёр гүйлгээ гарахгүй байх магадлал өндөр байсан" гэсэн юм.
Залилангийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга нарийсаж буй энэ цаг үед иргэд та бүхэн улам сэрэмжтэй, няхуур байх шаардлагатай байна. Мөн албан байгууллагууд ч өөрсдийнх нь нэрийг барьж залилах гэмт хэрэг гарч байгаа үед харилцагч нартаа сэрэмжлүүлэг хүргэж байх ёстой юм.
Тухайн иргэн "Банкнаас сэрэмжлүүлэг хүргэж байгаа гэж байсан. Гэвч тэрийг нь олж хараагүй. Хэрэв харсан бол ийм зүйл хийхгүй байсан. Сэрэмжлүүлгийг сайн хүргэхийн тулд яагаад банкныхаа аппликэйшн руу нэвтэрч ороход яагаад харуулж болоогүй вэ" хэмээж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
