Трамп өөрийгөө Элвис Преслигээс илүү олон үзэгч татах чадвартай хүн гэж магтав
Ирэх сард Вашингтон хотод зохион байгуулагдах АНУ-ын үүсэн байгуулагдсаны 250 жилийн ойн томоохон арга хэмжээг Трампын засаг захиргаа төлөвлөж байсан юм.
Гэвч Freedom 250 нэртэй уг арга хэмжээнд оролцохоос хэд хэдэн дуучид, хөгжмийн уран бүтээлчид татгалзсаны дараа агуулга нь өөрчлөгдөж болзошгүй болжээ.
Оронд нь ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө үг хэлж, улс төрийн арга хэмжээ болгон өөрчлөх магадлалтай болсон байна.
Freedom 250 хөтөлбөрийн зөвлөх Даниэл Альварез өчигдөр Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа “Энэхүү түүхэн баярыг зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт Трамп өөрөө нээж үг хэлэн эхлүүлэх болно” гэж ярьжээ.
Өмнөх төлөвлөгөөгөөр бол 2026 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 10 хүртэл 16 хоногийн хугацаанд Капитолоос Вашингтоны Хөшөө хүртэл орон зайд үргэлжлэх “Great American State Fair” нэртэй томоохон арга хэмжээний хүрээнд урлагийн тоглолтууд зохион байгуулагдах байв.
Баасан гарагт Poison рок хамтлагийн гоцлол дуучин Брэт Майклс энэ баяр түүний бодож байсан шиг нам бус арга хэмжээ болохгүйг мэдсэний дараа оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрбээр оролцохоос татгалзсан тав дахь уран бүтээлч болжээ.
Бямба гарагт ерөнхийлөгч Трамп хэрвээ уран бүтээлчид үргэлжлүүлэн оролцохоос татгалзвал концерт зохион байгуулах шаардлагагүй болж магадгүйг сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Тэрбээр оронд нь өөрөө үг хэлэх хувилбарыг санал болгож, өөрийгөө ямар ч уран бүтээлчээс илүү олон хүн татах чадвартай гэж магтжээ.
“Үнэн хэрэгтээ би бол олон хүний үзэж байгаачлан дэлхийн номер нэг үзүүлбэр юм. Элвисийн оргил үеэс хамаагүй олон үзэгч дагуулж чадна. Гэхдээ гитаргүйгээр” гэж Трамп энэ талаар бичсэн байна.
Дараа нь тэр “Америк Буцаж Ирсэн нь нэртэй улс төрийн цуглаан зохион байгуулах боломжийг судлахыг” өөрийн хүмүүст даалгаж байгааг мэдэгджээ.
“Freedom 250” төсөл бол АНУ-ын 250 жилийн ойг холбооны агентлагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлэхээр Цагаан ордноос үүсгэн байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэл юм.
Татгалзсан уран бүтээлчдийг өөр хүмүүсээр орлуулах, эсвэл Трампын санал болгосон өөр арга хэмжээгээр солих хоёр хувилбарын аль нь хэрэгжих талаар одоогоор зохион байгуулагчид тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

