З.Мэндсайхан: Засгийн газар "Оюу толгой"-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуулийн төслөө буцаан татахаар шийдвэрлэсэн
2027 онд Монгол Улс "Оюу толгой"-гоос ногдол ашиг авна.
Засгийн газрын тооцоолсноор гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авах бөгөөд үүний нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд байршуулж, хоёр их наяд төгрөгөөр нь эрчим хүч, боловсролын төсөл хөтөлбөрт зарцуулах саналаа илэрхийлсэн.
Мөн иргэдээс 14 хоногийн хугацаанд e-Mongolia платформоор дамжуулан саналыг нь авч буй.
Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан "Оюу толгой"-н ногдол ашгийг хэрхэх асуудлыг дахин хэлэлцсэн байна.
Гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Засгийн газар нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх буюу эрчим хүч, боловсролын асуудлаа шийдвэрлэхээр хуулийн төсөл оруулж ирсэн. Гэтэл төсөв маань танигдахгүй болж байна. Нэг ёсондоо Засгийн газрын өргөн барьсан бодлого алдагдаж байна.
Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд ард түмнээсээ "Оюу толгой"-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ гэдгээ асууна гэсэн. Энэ хүрээнд 96.6 мянган иргэн саналаа өгсөн.
Иргэд e-Mongolia-гаар дамжуулан цахим гарын үсгээрээ саналаа өгөхөд 56 мянга орчим иргэн "Оюу толгой"-н ногдол ашгаа Хуримтлалын сандаа хадгалах, Хуримтлалын сангаараа дамжуулан ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, ипотектоо зарцуулъя гэсэн санал өгсөн. 40 мянга орчим иргэн эрчим хүчний дэд бүтцийн төсөлд зарцуулъя гэсэн байна.
Санал асуулгын үр дүнд харгалзан үзээд энэ хуулийг эргүүлэн татахаар Засгийн газар шийдвэрлэлээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
