Цалин хөлсний нэмэгдлийг хэлэлцээрийн дагуу шийдвэрлэхгүй бол тэмцлийн арга хэмжээ авна гэдгээ МҮЭХ-ноос мэдэгдлээ
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, үндэсний хэмжээнд шаардлага тавьж буйгаа мэдэгдлээ.
Цалин хөлсний нэмэгдлийг хэлэлцээрийн дагуу шийдвэрлэхийг шаардаж байгаагаа тэд илэрхийлэв.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир "Иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай өнгөрсөн хугацаанд олон зөвшилцөл, гэрээ хэлэлцээр хийхийг зорьсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчид, төр, үйлдвэрчний эвлэлүүд хамтдаа зөвшилцөж Үндэсний хорооны шийдвэрээр баталгаажуулсан байдаг. Гэтэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь өөрийнхөө баталж, зарлан хуралдуулсан хурлын шийдвэрээ хэдхэн хоногийн өмнө өөрөө үгүйсгэлээ.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан гаргах шаардлагатай зардлуудыг тусгаагүй.
Нийгмийн зөвшилцлөө төр нь өөрсдөө үгүйсгэж байгаа бол цаашид Үйлдвэрчдийн Эвлэлүүд зөвшилцлийн замаар биш тэмцлийн замаар дараа дараагийн арга хэмжээгээ явуулна" гэдгийг мэдэгдэв.
"Өнөөдөр иргэдийн авч байгаа цалин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд идэгдэж дууслаа"
Үргэлжлүүлэн "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоодог. Энэ дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэх шийдвэрийг гаргуулсан.
Цалин хөлсний худалдан авах чадвар буурсан уу та бүхэн мэднэ. Бид нар өөрсдийнхөө хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэхийг хүсэж байгаа. Түүнээс биш төр засгаас халамж хүсээгүй" хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!








