Хятадын Шаолинь хийдийн хамба лам авлига авч, хөрөнгө мөнгө завшсан хэргээр 24 жилийн хорих ял сонсжээ
Хятадын тулааны урлагийн төв гэгддэг алдарт Шаолинь хийдийн хамба лам асан авлига авч, хөрөнгө мөнгө завшсан зэрэг хэргээр шүүхээс 24 жилийн хорих ял сонсжээ.
Хэнань мужийн шүүх Ши Ёншинийг 2003-2025 онуудын хооронд хийдийн хөрөнгөөс 282 сая юань ($42 сая) хувьдаа завшсаныг тогтоосон байна.
Тэрбээр хийдийн барилгын төслүүдээс олон саяыг хулгайлж, Хятадын албан тушаалтнуудад их хэмжээний хээл хахууль өгч байжээ.
Баасан гарагт болсон шүүх хурлын үеэр Ши Ёншинь гэм буруугаа хүлээж, шийдвэрийг давж заалдахгүйгээ мэдэгдсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.
Ууланд байрладаг Шаолинь хийд нь 1,500 жилийн настай бөгөөд Хятад болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган шавьдаа уламжлалт тулааны урлагийг заадаг юм.
Төрсөн нэр нь Лю Инчэн болох Ши 1999 онд тус хийдийн тэргүүн хамбаар томилогдож байжээ. Тэрбээр хийдийнхээ нэрийг дэлхийн брэнд болгосныхоо төлөө “Гүйцэтгэх захирал лам” хэмээх нэр алдрыг хүртэж байв.
Түүний засаглалын хугацаанд Шаолинь хийд хилийн чанадад салбар сургуулиа нээж, күнфүгийн үзүүлбэр бүхий лам нарын аялан тоглолтын баг хүртэл байгуулж байжээ.
Өнгөрсөн онд Хятадын Буддын Шашны Холбоо түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Ши Ёншинь ламтан 2015 онд хөрөнгө мөнгө завшсан, хэд хэдэн хүүхдийн эцэг болсон асуудлаар шалгагдаж байсан ч хожим цагаадсан байна.
Тухайн үед тэр гадаадын хэвлэлд “Хэрвээ асуудал байсан бол аль эрт илрэх байсан” гэж ярьж байжээ.
“Шаолинь хийд” хэмээх нэр олон жилийн өмнөөс дэлхийн поп урлагт брэнд болж чадсан юм. Анх 1982 онд Жэт Лигийн дүр бүтээсэн уран сайхны киногоор алдаршиж байлаа.
Хожим Америкийн хипхоп хамтлаг Wu-Tang Clan-ий дуунд нэр нь мөнхөрч, Mortal Kombat видео тоглоомыг бүтээх сэдэл болж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

