Д.Анхзул: 2026 он бол 10 жилийн туршлагаа шинэ эхлэлтэй холбосон жил байх болно
"Mommy & Baby Expo 2026" олон улсын эх, хүүхдийн үзэсгэлэн хоёр дахь удаагаа 5-р сарын 30-наас 6-р сарын 1-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Мөнгөн ивээн тэтгэгч, Монголын цорын ганц үндэсний хүүхдийн живхний үйлдвэр болох "Тоди"-н менежментийг хариуцдаг Бийм Трейд ХХК-ийн захирал Д.Анхзултай ярилцлаа.
-Өнгөрсөн жилийн анхны зохион байгуулалтаас ямар сургамж, туршлага авч, "Mommy & Baby Expo 2026"-д ямар шинэчлэл, онцлогийг нэвтрүүлж байна вэ?
-2025 оны үзэсгэлэн бол бидний хувьд зөвхөн лангуу дэлгэн худалдаа хийх арга хэмжээ байгаагүй монгол ээжүүд ямар зүйлийг хайж, юуг мэдрэхийг хүсдэгийг биечлэн харж мэдрэх гайхалтай боломж байсан. Тэдгээр туршлагад тулгуурлан энэ жил бид зочдодоо зориулан гурван өдрийн туршид эрдсийн үнэ төлбөргүй шинжилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Учир нь ямар ч ээж, аав хүнд хүүхдийн болоод өөрийн эрүүл мэнд нэн чухал байдаг. Мөн бяцхан зочдодоо хүүхдийн нүүр нь дээр захиалгат зураг зурах үйлчилгээ санал болгоно. Тоди бол дан ганц брэнд бус, монгол гэр бүлийн нэг хэсэг гэдгийг харуулахыг зорьж байна.
-Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн өмнөх жилээсээ цар хүрээ, агуулгын хувьд юугаараа онцлог, ялгаатай болж байна вэ?
-Мишээл Экспо төв нь Монголын хамгийн орчин үеийн, хүн ам олноор зорчдог үзэсгэлэнгийн цогцолбор тул бидэнд илүү том талбай, илүү олон хэрэглэгчтэй уулзах боломж нээгдсэн. Гэхдээ физик орон зайнаас илүүтэйгээр агуулга чухал гэж харж байгаа.
Тоди брэнд маань энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд шинэ дизайн, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн анхны танилцуулгыг яг энэ үзэсгэлэн дээр хийх нь тохиромжтой гэж үзэж байна. Тиймдээ ч үзэсгэлэнгийн гурван өдрийн турш Тоди брэнд хэмжээ болон размераас үл хамааран 1+1 урамшуулалтайгаар борлуулна. Энэ нь бид хэрэглэгчдэдээ хүргэх хамгийн бодитой "Талархал" болж, арван жилийн турш бидэнд өгсөн итгэлд нь хариулж буй бэлэг юм.
-Танай байгууллагын онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон давуу тал нь юу вэ?
-Тоди бол 2016 оноос хойш Монголд хүүхдийн живх үйлдвэрлэж буй цорын ганц үндэсний брэнд. Энэ нь зөвхөн бахархал төдийгүй маш том хариуцлага. Манай үйлдвэрт өдөр бүр 200 гаруй монгол аав, ээж ажиллаж байна. Тэд өөрсдөө ч гэсэн хүүхэдтэй, хүүхдийнхээ тав тухыг эрхэмлэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тиймээс Тоди живх хэрэглэгчийн гарт хүрэхэд тэр нь зүгээр нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн биш, монгол аав ээжүүдийн гараар, зүрхээр бүтсэн үнэт зүйл байгаасай гэж хүсдэг.
Монгол хүүхдийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн гаргах, импортын бүтээгдэхүүнүүдтэй чанараараа өрсөлдөхийн зэрэгцээ монгол гэр бүлд боломжийн үнэтэй хүргэх нь бидний үүрэг, Тиймээс "Чанартай бүтээгдэхүүн, Зөв үнэ" гэсэн уриан дор бүгд ажилладаг.
10 жилийн ойн хүрээнд бид брэндээ шинэчлэн, ээжүүд болон нярай үрсэд аль алинд нь зориулсан шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд танилцуулж байна. Тэдгээрийг хамгийн түрүүнд мэдэж, туршиж үзэх боломж нь энэ үзэсгэлэнд ирсэн хэрэглэгчдэд байгаа юм.
-"Mommy & Baby Expo" хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь салбартаа тогтсон арга хэмжээ болох эхлэл гэж харж болох уу? Энэ жилийн зорилго, алсын харааг хуваалцана уу.
-Хоёр дахь жилдээ болж буй нь энэ платформ жил бүрийн уламжлалт арга хэмжээ болж байгааг харуулж байна. Монголын эх, хүүхдийн салбарын бизнесүүд жилд нэг удаа нэг дор цуглаж, мэдлэг, туршлагаа хуваалцан, хэрэглэгчдэдээ бодитоор итгэлцэл үнэ цэнийг өгсөн ийм эвент маш их хэрэгтэй.
Тодигийн хувьд энэ жил зөвхөн борлуулалтын биш, хэрэглэгчтэйгээ илүү ойр, гүн харилцаа тогтоох, шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчид хүргэх, 10 жилийн туршлагаа шинэ эхлэлтэй холбох жил байх болно.
Монгол хүүхэд монгол брэндтэй бойжих нь зүгээр нэг бизнесийн зорилт биш. Энэ нь Монголын ирээдүйд үлдээх үнэ цэнийг бүтээж буй хэрэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
