У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадмаа тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадам өндөрлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нар хур тэгширч, наадамчин түмэн цэнгэн наадсан дэлгэр зуны сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёс, түмэн олны их баяр цэнгэл үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо нь өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ.
Эх түүхийг амилуулдаг хурдан хүлгийн төвөргөөн, ид хавийг өргөдөг хүчит бөхийн шаваа, эе эвийг уухайлдаг эрчист сумны уухай доор монгол түмэн хөх тэнгэрийнхээ энгээр хийморь сүлдээ бадрааж, хөрст газрынхаа дайгаар сэтгэл оюунаа баясгаж, хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Аргамаг хурдан хүлгүүд нь хурдтай, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр өндөрлөж байна.
Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадартугай" хэмээгээд уухайлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
