АНУ тэнгисийн бүслэлтээ сэргээж, Ормузын хоолойгоор дамжсан ачааны хөлгүүдээс 20 хувийн татвар авахаа мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ираны тал Ормузын хоолойг дахин хаасны хариуд АНУ тус улсын боомтуудыг хаасан тэнгисийн бүслэлтээ сэргээж, хоолойгоор нэвтэрсэн ачаа тээврийн хөлгүүдээс 20 хувийн татвар авахаар болсныг ерөнхийлөгч Трамп зарлалаа.

“Ормузын хоолой Ираны оролцоотой, оролцоогүйгээс үл хамааран нээлттэй байх болно. Бид Ираны бүслэлтээ сэргээж байна. Дэлхийн энэ тогтворгүй хэсгийн усан замын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зардлыг гаргахын тулд АНУ хоолойгоор тээвэрлэсэн бүх ачаанаас 20 хувийн татвар авах болно” гэж Трамп сошиал хуудсаараа мэдээлжээ.

Ираны боомтуудын бүслэлт АНУ-ын зүүн эргийн цагаар Мягмар гарагийн 16:00 цагаас эхлэх гэнэ.

Сүүлд АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг гурав дахь шөнөө дараалан агаарын цохилт өгснөө мэдэгджээ.

“Эдгээр цохилтууд нь Ираны зэвсэгт хүчнийг болон түүний энгийн номхон иргэд, Ормузын хоолойд зорчих ачаа тээврийн хөлгүүдэд халдах чадварыг үргэлжлүүлэн сулруулах болно” гэж АНУ-ын зэвсэгт хүчний төв командлал мэдээлсэн байна.

Дээрх мэдэгдлээсээ хэдхэн цагийн өмнө Fox News сувгаар Трамп ярихдаа Ормузын хоолойн хяналтыг АНУ булааж авах санааг цухуйлгаж байсан юм.

“Бид хоолойг хяналтдаа авч, үйл ажиллагааг нь хариуцаж магадгүй. Бид хоолойн хамгаалагч болно. Магадгүй бид хоолойн хамгаалагч сахиусан тэнгэр болох байх. Үүнийхээ төлөө бид зардлаа нөхөх төлбөр авах хэрэгтэй” гэж Трамп ярьж байв.

Өнгөрсөн Баасан гарагт тэр Конгресст бичсэн захидалдаа Ираны эсрэг байлдааны ажиллагаагаа АНУ долдугаар сарын 7-ноос эхлэн сэргээж байгааг мэдээлсэн юм.

Холбооны хуулийн дагуу Трамп 60 хоногоос урт хугацаагаар дайныг үргэлжлүүлэхийн тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой.

Трампын мэдэгдлийн хариуд Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи “АНУ-ын ерөнхийлөгчийн түмэн зөв. Ормузын хоолойгоор ачааны хөлгүүдийг аюулгүй нэвтрүүлсэн хэн ч энэ үйлчилгээнийхээ төлбөрийг авах ёстой. Иран улс уг хоолойн хамгаалагч байсаар ирсэн, цаашид ч үргэлж байх болно. 20 хувь хэтэрхий өндөр байна. Бид илүү шударга хандах болно” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Трампын санаа яаж хэрэгжих нь тодорхойгүй байна.

НҮБ-ын дүрмийн дагуу аливаа улс орон өөрийн эргээс 22 км зай доторх тэнгисийн усанд хяналтаа тогтоох эрхтэй байдаг.

Ормузын хоолойн хамгийн нарийн хэсэг Иран болон Оман улсуудын хяналтын бүсэд багтдаг юм.

Тиймээс дэлхийн газрын тосны 25 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 20 хувийн тээвэрлэлт дамжин өнгөрдөг Ормузын хоолой Ираны бүрэн хяналтад байдаг гэсэн үг юм.

Дайн эхэлсний дараахан уг хоолойг хаасны хариуд Ираны талд дарамт шахалт үзүүлэх зорилгоор АНУ дөрөвдүгээр сараас эхлэн Ормузын хоолойн гадна талын тэнгисийн замыг бүслэн хаасан.

Өнгөрсөн хугацаанд уг бүслэлтийн хүрээнд Ираны боомтуудыг чиглэсэн 100 ачаа тээврийн хөлгийг буцааж, дөрвийг нь идэвхгүй болгосноо АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлж байв.

Зургаадугаар сард талууд санамж бичигт гарын үсэг зурсны дараа АНУ бүслэлтээ цуцалсан юм.

Гэсэн хэдий ч Ормузын хоолойтой холбоотой зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байсан нь өнөөдөр ийнхүү бүслэлт, хаалт дахин сэргэхэд хүргэж байна.

Дайн эхлэхээс өмнө Ормузын хоолой нээлттэй, ямар ч татвар хураамжгүй байсан. Тиймээс Трампын 20 хувийн татвар дэлхийн олон улс, түүний дотор АНУ-ын холбоотнуудын эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй.

Бас энэ шийдвэр нь Трампын дотоод улс төрийн асуудлыг ч хурцатгахаар байна.

Өнөөдөр АНУ-ын хууль тогтоогчид, түүний дотор Бүгд Найрамдахчууд гал зогсоох гэрээ, түүнийг сунгах гэрээ, цаашдын яриа хэлэлцээрээс улс орон нь яг юу хожсоныг ил тод асууцгааж байгаа.

Энэ нь ирэх намар болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд нөлөөлөх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters