Румын улсын нутагт нэвтэрсэн Оросын нисгэгчгүй онгоц анх удаа хохирол учрууллаа
Баасан гарагт Румын улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн Оросын нисгэгчгүй онгоц орон сууцны барилгыг сүйтгэж, хоёр хүнийг шархдуулжээ.
Украинтай хил залгаа оршдог дорнод Румыний Галац хотод уг халдлага гарсан байна. НАТО болон Европын Холбоо уг халдлагыг буруушаасан бол Украины эрх баригчид Орос улс Европ тивд “бодитой аюул занал” учруулж байгааг анхааруулжээ.
Румыний ерөнхийлөгч Никушор Дан уг нисгэгчгүй онгоцыг Украины тал өөрийн нутаг дээгүүр нисэх үед буудаж, чиглэлийг нь өөрчилсөн байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг дрон Оросынх байсанд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Тав дахь жилдээ үргэлжилж буй дайны турш Оросын тэнэсэн нисгэгчгүй онгоцнууд Румыний нутаг дэвсгэрт унасан хэд хэдэн тохиолдол гарч байсан. Гэхдээ анх удаа Румыний иргэн хохирсон тохиолдол энэ болж байна.
Тус улсын онцгой байдлын албаны мэдээлснээр тэсрэх бөмбөгтэй дрон орон сууцны барилгыг оносны улмаас 10 дугаар давхарт гал гарсан гэнэ.
Түлэгдсэн хоёр хүнд энэ үеэр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, 70 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Румыний батлан хамгаалах яам дрон хилээр орж ирэхийг бүртгэсний дараа хоёр ширхэг F-16 сөнөөгч онгоцыг угтуулан хөөргөснөө мэдээлсэн байна.
Гэвч орон сууцны барилгыг онохоос дөрөвхөн минутын өмнө дроныг бүртгэсэн тул устгах боломж байгаагүйг бригадын генерал Георге Максим мэдээлжээ.
Яамны сүүлд өгсөн мэдээллээр бол Ираны Шахед-136 дроны Орос хувилбар Геран-2 хил давсан нь тогтоогдсон байна.
“Украинд дайн болж байгаа ч Румынд энх тайван байна. Тиймээс бид Украины агаарын орон зайд пуужин харвах боломжгүй байгаа” гэж генерал Максим тайлбарлажээ.
Баасан гарагийн орой Галац хотод ажилласан ерөнхийлөгч Дан “Зүүн талаас 43 нисгэгчгүй онгоц ирж байсан. Эдгээрийн ихэнхийг Украины тал унагасан бол нэг нь Рени хотын (Украины) дээр нисэж байхдаа чиглэлээ өөрчилсөн байна” гэж хэлсэн юм.
Тэрбээр Хар тэнгисийн Констанца боомт хот дахь Оросын консулын газрыг бүрмөсөн хааж, консулыг нь нутаг дэвсгэрээсээ хөөн гаргаж байгааг энэ үеэр зарлажээ.
Дан бас Румыний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, Оросын дроны халдлагаас улс орноо яаж хамгаалах асуудлыг хэлэлцсэн байна.
Дараа нь тус улсын гадаад хэргийн яам Румыний дроноос хамгаалах системийг бэхжүүлэх ажлыг хурдасгах хүсэлтийг НАТО-д тавьснаа мэдэгджээ.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте ерөнхийлөгч Дантай утсаар ярихдаа тус байгууллага “гишүүн орныхоо нутаг дэвсгэрийн инч бүрийг хамгаалахад” бэлэн байгааг илэрхийлсэн байна.
“Бид нисгэгчгүй онгоц болон бусад аливаа аюул заналаас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлэн байдлаа улам сайжруулах болно” гэж Рютте мэдэгджээ.
Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен сошиал хуудсандаа “Оросын түрэмгий дайн дахин нэг хил хязгаарыг давлаа. Бид аюулгүй байдлаа, ялангуяа зүүн хил дээрх аюулгүй байдлаа улам бэхжүүлж, Орост үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.
Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига энэ явдал “Оросын түрэмгийлэл Хар тэнгисийн бүс нутагт бодитой аюул занал учруулж буйг дахин нотоллоо” гээд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх, Орост үзүүлэх дарамт шахалтаа эрчимжүүлэхийг холбоотнууддаа уриалжээ.
Баасан гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хөрш Румыний ерөнхийлөгч Дантай утсаар ярихдаа Оросын түрэмгийллийн эсрэг хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Их Британи, Франц, Германы удирдагчид, НАТО дахь АНУ-ын элчин сайд нар Румынд халдсан явдлыг буруушаасан мэдэгдэл гаргацгаажээ.
Дайны турш Оросын нисгэгчгүй онгоцнууд НАТО-гийн гишүүн Румын, Польш зэрэг улсуудын нутагт нэвтэрсэн олон тохиолдол бүртгэгдээд байгаа.
Зөвхөн Румыний нутаг дэвсгэрт Оросын дроны сэг унасан 47 тохиолдол бүртгэгдсэний 12 нь энэ онд бүртгэгджээ.
Саяхан бас Украины алсын тусгалын дрон Оросын дохио сарниулагч зэвсгийн нөлөөгөөр чиглэлээ алдан Балтийн тэнгисийн сав газрын орнуудын хилд нэвтэрсэн тохиолдол гарсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

