Ерөнхийлөгч Трампын нэрийг Кеннедийн Төвөөс хасах захирамжийг АНУ-ын шүүх гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын шүүх ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг Кеннедийн Төвийн нэрээс хасах захирамж гаргаж, Вашингтоны энэхүү алдартай барилгын нэрийг Конгрессын шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Кеннедийн нэрэмжит Урлагийн Төв нь АНУ-ын нийслэлийн хамгийн алдартай байгууламжуудын нэг юм. Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш өөрийн нэр, гарын үсэг, хөргийг мөнхлөх ажлыг эрчимжүүлсний нэг нь уг төвийн нэрийг Трамп Кеннедийн Төв болгон өөрчилсөн явдал байлаа.

Вашингтон дахь холбооны тойргийн шүүгч Кристофер Купер уг төвөөс Трампын нэрийг агуулсан бүх биет тэмдэгтийг устгах, албан ёсны материалуудаас “Трамп Кеннедийн Төв” гэсэн аливаа нэршлийг 14 хоногийн дотор хасах захирамжийг АНУ-ын засгийн газарт хүргүүлсэн байна.

“Кеннедийн Төвийн дүрэмд тус төвийг ерөнхийлөгч Кеннедийн нэрэмжит болгох, өөр нэр өгч болохгүйг тодорхой заасан байдаг. Кеннедийн төвийн нэрийг Конгресс өгсөн бөгөөд зөвхөн Конгресс л үүнийг өөрчилж чадна” гэж Куперийн захирамжид өгүүлжээ.

Шүүгч мөн тус төвийг хааж, томоохон засвар эхлүүлэх Трампын засаг захиргааны шийдвэрт хориг тавьсан байна.

Ардчилсан Намаас сонгогдсон Конгрессын гишүүн Жойс Биттигийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд шүүх ийм шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч Трамп өөрийн гарын үсгийг долларын дэвсгэрт дээр хэвлүүлэх, өөрийн дүртэй дурсгалын зоос, паспорт гаргах, Вашингтон хотод өөрийн нэртэй нуман хаалга босгох зэрэг ажлыг эхлүүлээд байгаа. Хамгийн сүүлд тэр АНУ-ын үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойд зориулан өөрийн хөрөгтэй $250-ын дэвсгэрт хэвлүүлэхээр бэлдэж байгаа гэсэн мэдээлэл тараад байна.

 

Эх сурвалж: Reuters