Н.Номтойбаяр: Нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулж, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё
Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.
Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах аж.
Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Өмнө нь 1,360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5,270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна.
Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” гэв.
Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг нууж хаалгүйгээр илрүүлж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулах юм.
Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байгааг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
