Израиль, Орос улсууд анх удаагаа НҮБ-ын дайны үеийн бэлгийн хүчирхийллийн хар жагсаалтад багтав
НҮБ-аас гаргадаг дайн мөргөлдөөний бүсэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг орнуудын хар жагсаалтад Израиль, Орос улсууд анх удаа багтжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албанаас өчигдөр гаргасан тайланд сүүлийн жилүүдэд Газын зурвас болон Йордан голын баруун эрэгт палестинчуудын эсрэг Израилийн цэргүүдийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн 31 тохиолдлыг НҮБ бүртгэсэн талаар дурдсан байна.
Эдгээрийн 13 нь 2025 онд, 18 нь өмнөх хоёр жилийн хугацаанд үйлдэгджээ.
НҮБ энэ тайлангаа иж бүрэн судалгаанд үндэслээгүй, зөвхөн болсон үйл явдлын бүртгэл дээр суурилсан гэж мэдэгдсэн байна.
Израилийн засгийн газар дээрх арга хэмжээг эрс няцаажээ.
Тухайлбал НҮБ-д суугаа Израилийн элчин сайд Дэнни Данон жүүд хүмүүсийн эсрэг худал хуурмаг мэдээ тараасанд Гутеррешийг буруутгасан байна.
Мөн түүнийг албан тушаалаа хашиж байгаа цагт Израиль улсын төлөөлөгч түүний албатай хамтран ажиллахгүйг мэдэгджээ.
НҮБ-ын тайланд Израилийн зэвсэгт хүчний үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 14 эрэгтэй, долоон эмэгтэй, есөн хүү, нэг охин хохирсныг дурдсан байна.
Үүнд хүчин, бүлэг хүчин, албадан нүцгэлэх, бэлэг эрхтэнд хүч хэрэглэх зэрэг үйлдлүүд багтжээ.
НҮБ бас Израиль улсын эрх баригчид дээрх асуудлуудыг шалгах оролдлогод саад учруулсан, мэдээлэл өгүүлэхгүйн тулд хоригдлуудыг айлган сүрдүүлсэн талаар мэдээлсэн байна.
Тайланд Палестины Хамас зэвсэгт байгууллагын гишүүдийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн баримтуудыг мөн багтаажээ.
Тухайлбал Газын зурваст барьцаалагдаад суллагдсан хүмүүсийн 12 нь Хамасын гишүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө мэдүүлсэн байна.
Өнгөрсөн онд “Action on Armed Violence” байгууллагын гаргасан судалгаанд Газын дайны үеэр Израилийн цэргүүдийн үйлдсэн 10 бэлгийн хүчирхийлэл тутмын ес нь ямар нэг шийтгэлгүй өнгөрсөн тухай дурджээ.
Өчигдөр бас Орос улс Украины дайны үеэр энгийн иргэд, олзны хүмүүсийн эсрэг үйлдсэн хэргийнхээ төлөө НҮБ-ын хар жагсаалтад анх удаа багтсан байна.
Тайланд өгүүлснээр Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт 310 ийм тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 280 эрэгтэй, 26 эмэгтэй, дөрвөн охин хүчин болон бэлэг эрхтэн зэрэмдэглэх зэрэг гэмт хэргийн хохирогч болжээ.
Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига уг тайланг “үнэнийг тогтоож, хариуцлага тооцох хүнд бэрх замд гарсан чухал алхам” гэж сайшаасан юм.
Оросын эрх баригчид одоогоор энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
