Трампын эрүүл мэнд “маш сайн” байгаа боловч жингээ хасах, тогтмол дасгал хийхийг эмч зөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт жил тутмын эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ хамрагдсан бол түүний эмч өчигдөр үр дүнг нь олон нийтэд танилцуулжээ.

Цагаан ордны эмч Шон Барбабеллагийн мэдэгдэлд хэдхэн хоногийн дараа 80 нас хүрэх Трампын “зүрх, уушги, мэдрэлийн болон ерөнхий бие махбодын үйл ажиллагаа маш сайн” байгааг онцолсон байна.

Тиймээс түүнийг “ерөнхий командлагч, төрийн тэргүүний бүх үүргийг гүйцэтгэхэд бүрэн бэлэн” гэж дүгнэжээ.

Мягмар гарагт Уолтер Ридийн Үндэсний Цэргийн Эрүүл Мэндийн Төвд үзлэгт орсныхоо дараа Трамп “бүх зүйл төгс байсан” гэж сошиал хуудсаараа мэдээлж байв.

Энэ нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш эмнэлэгт очсон гурав дахь тохиолдол юм.

Тэрбээр өнгөрсөн оны эхээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа тангараг өргөсөн ерөнхийлөгч болж байв.

Сэтгэцийн эрүүл мэндийг шалгах Montreal Cognitive Assessment сорилд Трамп 30 онооноос 30-ыг авсан тухай эмчийн мэдэгдэлд дурджээ.

Түүний биеийн жин 108 кг байсан нь 2025 оны дөрөвдүгээр сард өгсөн өмнөх үзлэгээс хойш 6.3 кг-аар өссөн үзүүлэлт болсон байна.

Тиймээс Барбабелла эмч эрүүл хооллох, дасгал хийх замаар жингээ хасахыг зөвлөж, холестеролын түвшнийг хянах эм бичиж өгснөө мэдээлжээ.

Трампын тайван үеийн зүрхний цохилт минутад 73 байсан бол зүрх судасны наслалт нь он тооллын наснаас 14 жилээр залуу байгааг дурдсан байна.

Өнгөрсөн хугацаанд Трампын хөхөрсөн гарын ар тал, хавагнасан шагай олны анхаарлыг татаж байсан.

Барбабелла эмч түүний хөлийн доод хэсгийн хавагнал өнгөрсөн оноос хойш сайжирсан ч бага хэмжээтэй хэвээр байгааг мэдэгджээ. Энэ нь архаг венийн дутагдал хэмээх хөлийн судаснууд цусыг зүрхэнд шахаж чадахгүй болдог эмгэгийн шинж тэмдэг гэж өмнө нь тайлбарлаж байсан юм.

Харин гарын ар талын хөхрөлтийг аспирин уухад гардаг түгээмэл үзэгдэл гэж тайлбарласан байна.

Трамп өмнө нь сүүлийн 25 жилийн турш цусаа шингэлэхийн тулд эмчийн зөвлөснөөс өндөр тунгаар аспирин хэрэглэж байгаагаа ярьж байсан юм.

Тухайлбал эмч нар өдөрт 81 мг аспирин уухыг зөвлөдөг байхад 325 мг-ийг уудгаа хэлж байжээ. Үүнийгээ тэр “миний зүрхээр өтгөн цус урсахыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байдаг.

Тэр бас гольф тоглохыг эс тооцвол ямар нэг дасгал хөдөлгөөн тогтмол хийдэггүйгээ ярьж байв.

“Надад энэ таалагддаггүй. Их уйтгартай. Зарим хүмүүс шиг гүйлтийн зам дээр хэдэн цагаар алхах, гүйх нь надад тохирохгүй” гэж тэр Уолл Стрит Журнал сонинд ярьж байжээ.

 

Эх сурвалж: BBC