Д.Наранболд: Гүнтийн авто замын эвдэрсэн хашлагуудыг засварлахаар ажиллаж байна
Өнгөрсөн онд Өвөр гүнтийн 4.5 километр авто замыг засварласан ч зарим хэсэгтээ бродюр нь эвдэрчээ.
Энэ тухай авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн "Фючер Прогресс" ХХК-ийн захирал Д.Наранболд "Гүнтийн 4.5 километр авто замыг өнгөрсөн жил буюу 2025 онд засварлаж, шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Авто замын хувьд асуудалгүй ч нэг жил болоогүй байтал замын хажуугийн зарим хашлагад бүтцийн өөрчлөлт орсон байна.
Хашлагыг Гарден рич гэдэг газраас лабораторийн сертификатын дагуу авч ашигласан юм. Эвдрэл нь нэгдүгээрт Гүнтийн зам өгсүүр учраас байнгын давс бодис цацдаг, дөрөвдүгээр сарын 20-н гарчхаад байхад давс нь хайлаагүй байна, хоёрдугаарт үйлдвэрлэсэн газрын чанар хийцтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй тодруулна. Одоо эвдэрсэн хашлагуудыг засварлахаар ажиллаж байна.
Хотын төвийн авто замын хашлагыг байгалийн боржин чулуугаар хийдэг. Үүнтэй адил хотын бүх замын хашлага ийм байгаасай гэж хүсэж байгаа. Байгалийн боржин чулуун хашлага нь үнэтэй ч насжилт урт байдаг" гэж мэдээллээ.
Өвөр Гүнтийн 4.5 километр авто замыг орон нутгийн төсвийн ₮5.2 тэрбумаар засварлах тендерт дөрвөн компани оролцсоноос "Фючер Прогресс" компани 4.7 тэрбум төгрөгөөр засварлахаар шалгарсан байдаг.
Замын зураг төсөлд эвдэрсэн нөхөөснүүдийг зүсэж аваад дүүргэлт хийх, гурван сантиметрийн тэгшилгээ, таван сантиметрийн өнгө хучилт хийх, бүх хашлагыг солих, явган болон дугуйн зам тавих, уулын шуудууг сэргээх, ус зайлуулах хоолойг засах ажлыг тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
