Хангарди ордны зүүн талын борооны ус зайлуулах шугамын талбайг нөхөн сэргээж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Арцатын аманд “Хангарди” ордны зүүн талд 524 метр урт борооны ус зайлуулах шугам угсарч дууссан болохыг Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлэв.

Харин одоо үргэлжлүүлэн тухайн нөхөн сэргээлтийг гүйцэтгэж байгаа аж. Тус байршлын борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг тавдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс Наадамчдын авто зам хүртэлх борооны ус зайлуулах шугамыг угсрахад нийслэлийн төсвөөс 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Сүнжинграндын хажуугийн үерийн далангийн нурсан хэсгийг засварлаж дууссан гэв.

Энэ онд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ус их тогтдог 12 байршилд шинээр борооны ус зайлуулахаар төлөвлөснөөс Тэмээтэй хөшөөний уулзвараас Мишээл экспо хүртэл, Циркийн баруун талд, Баянзүрх усан спорт болон 38а байрны орчимд, Тэсо компанийн урд талд, Арцатын аман дахь Хангарди ордны зүүн талын буюу 6 дахь байршилд шугамыг угсарчээ.