АН-ын бүлгээс ҮХЦ-ийн гишүүдийг яаралтай томилж, Батлан хамгаалахын сайдыг огцруулахыг шаардлаа
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийг ээлжит хурал боллоо. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Тавдугаар сарын 27-нд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох гэж байна. Их суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жилээр нэг удаа байсныг нэг удаа улираан томилж болдог болох тухай заалтыг хэлэлцэнэ. Үүнийг улс төрийн, захиалгын шинжтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.
Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болж хувирсан байж магадгүй олон шийдвэр гаргаж байгааг анзаарч байгаа байх. Тэр тусмаа өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болчихсон, нэг гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа. Цэцийн дарга нь маргааныг гишүүдэд хуваарилдаг.
Тиймээс АН-ын бүлгийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан асуудлаар УИХ-ын даргад хандаж, хуулийн дагуу даргатай болох хүртэл цэцийн шийдвэрийг таслан зогсоох шаардлагатай байна. Цэцийн гишүүний нөхөн томилгоог яаралтай хийх ёстой гэдэг зарчмын шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад яаралтай хүргүүлж байна.
Хоёрдугаарт, хугацаат цэргийн алба хаагч эрүүл мэнд, амь насаараа хохирох нь хэвийн явдал болоод байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 эр цэрэг эрүүл мэндээрээ ноцтой хохирсон, 46 цэргийн алба хаагч амь эрсэдсэн байна. Гэвч нэг ч удаа Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээж байгаагүй. Тиймээс Батлан хамгаалахын сайдыг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэ гэдэг шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
