А.Амартүвшин: Улаанбаатар марафоныг зохион байгуулахад нийслэлээс ₮900 саяыг гаргаж, ₮1.2 тэрбумын орлого олсон
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн засаг даргыг сонгохоор хуралдаж байна.
Хурлын эхэнд нийслэлийн орлогч А.Амартүвшин "Улаанбаатар марафон-2026" болон нийслэлийн өвөлжилтийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Б.Пүрэдагвыг залуу хүний хувьд дэмжинэ. Одоо 80 он гэхгүй 90-ээд оныхон ороод ирлээ.
Би намын ажил гэхээс илүүтэй хотын ажил дээр нэлээд явлаа. Улаанбаатар хотоос 900 сая төгрөг зарцуулж байна гээд нэлээд гал дагууллаа. Улаанбаатар марафоныг зохион байгуулахад 900 сая төгрөгийг гаргасан. Олон улсын марафон учраас бэлтгэл ажил, шагнал гээд зардалд гаргасан. Гэхдээ бид буцаагаад оролцогчид болон ивээн тэтгэгчдээс 1.2 тэрбум төгрөгийн орлого олсон.
Бид 11 жилийн хугацаанд марафон зохион байгуулахдаа анх удаа ашигтай төсөвтэй гарлаа. Дараа жилээс хувийн аж ахуйн нэгжүүдэд марафоныг өгнө.
Хүүхдийн баяр гээд дахиад асуудал орж ирж байна. Өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж, 2026-2027 оны өвөл ямар нүүрс түлэх, хаанаас олж ирэхийг ярилцлаа. Багануурын үйлдвэрийг түшиглээд хагас коксын үйлдвэр баригдаж байгаа. Ерөнхийдөө дараа жилийн өдийд Багануурын үйлдвэр хагас коксоо нийслэлд нийлүүлэх боломжтой болчихсон байна.
Гэхдээ 2026-2027 оны өвлийн улиралд манай улсын хэмжээнд хагас коксын үйлдвэр байхгүй. Тэгэхээр өнгөрсөн жилтэй яг адилхан ирэх сарын дундуур олон улсын тендер зарлаж, гаднаас 280 мянган тонн хагас кокс түлш худалдаж авна.
Ерөнхий сайд Төв талбай дээр байгаа цагаан асрыг буулгах буулгах чиглэл өгөөгүй. Хүүхдийн баяр дууссаны маргааш буулгаад "КОП17" болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү авч явна. КОП17-д зориулж нийслэлийн төсвөөс 70 тэрбум төгрөг гаргасан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
