Монголын харилцаа холбооны 20 жилийн өөрчлөлт: Энгийн ярианаас Дижитал экосистем рүү
2000-аад оны дунд үед нэгж хуваалцаж, интернэт кафены гадна дугаарладаг байсан үе саяхан мэт. Гэтэл өнөөдөр бид хөдөө орон нутгаас ч цахимаар гүйлгээ хийж, хүүхдүүд өвөө эмээтэйгээ дүрсээ харан ярьж, гар утаснаасаа өдөр тутмын ажлаа амжуулдаг дижитал хэрэглээ рүү бүрэн шилжжээ.
Энэхүү 20 жилийн хугацаанд бидний амьдралд анзаарагдалгүй өрнөсөн харилцаа холбооны үнийн болон технологийн сонирхолтой хувьслыг дараах өнцгүүдээр харьцуулан хүргэж байна.
Гар утас тансаг хэрэглээ байсан үе - 2006 он
Өнөөдөр ухаалаг утас, өндөр хурдны интернэтгүйгээр өдөр тутмын амьдралыг, ажлаа төлөвлөхөд бэрх. Гэвч ердөө хоёр арваны өмнө Монголын харилцаа холбооны салбар огт өөр дүр зурагтай байлаа. 2006 оны орчимд улсын хэмжээнд зургаан хүн тутмын ердөө нэг нь л гар утастай, үүрэн холбооны үйлчилгээ маш өндөр өртөгтэй байв. Тэр үед утасны дугаар, сим карт авна гэдэг гэр бүлийн төсөвт жинтэй жин дарах "хөрөнгө оруулалт" байлаа. Нэгж дуусахаас болгоомжилж, дуудлага ирэхэд "Би очлоо" гэж ганцхан секундэд амжиж хэлээд утсаа тасалдаг, эсвэл хоорондоо дохидог байсан нь тэр үеийн хэрэглэгчдийн нийтлэг төрх.
2006 онд яг ийм өндөр өртөгтэй зах зээлд Юнител шинэ үнийн бодлого баримтлан гарч ирснээр тарифын уян хатан байдал бий болсон юм. Үнийн энэ өрсөлдөөний үр дүнд үүрэн холбоо тансаг хэрэглээнээс олон нийтийн өдөр тутмын хэрэглээ рүү шилжиж, хүн бүрийн халаасанд орсон түүхтэй.
2005 онд 1 минутын 220₮ байсан тариф 2006 онд 70₮ болж, үнэ шууд 3 дахин буурснаас гадна 15–30 секундээр багцлан тооцдог байсан ярианы төлбөрийг зөвхөн ярьсан секундээрээ төлдөг болгосон нь томоохон өөрчлөлтийг авчирчээ. Үр дүнд нь 10 секундийн дуудлага хийхэд өмнө нь 55–110₮ төлдөг байсан бол шинэ системээр ердөө 11.6₮ төлөх боломжтой болж, хэрэглэгчдийн бодит зардал 5–10 дахин хэмнэгджээ.
Эдийн засгийн өнцгөөс харвал, сүүлийн 20 жил орчмын хугацаанд Монголчуудын амьжиргааны өртөг, өдөр тутмын хэрэглээний үнэ танигдахгүй болтлоо өсжээ. Гэтэл энэ их инфляц, үнийн шуурган дунд огт хөдөлгөөнгүй үлдсэн ганц салбар нь харилцаа холбоо юм. 2006 онд үүрэн холбооны сүлжээн дотор нэг минут ярихад 70 төгрөг хасагддаг байсан бол өнөөдөр ч ярианы суурь тариф 70-90 төгрөгийн хооронд буюу 20 жилийн өмнөх түвшиндээ хадгалагдаж үлдсэн байна. Бүр сонирхолтой нь, тэр үед 20,000 төгрөгөөр дугаар авдаг, гар утас өөрөө тансаг хэрэглээ байсан бол өнөөдөр шинэ сим картыг талхны үнээр буюу 3,000 төгрөгөөр худалдан авч байна.
Суурь үнэ нь цаг хугацааг царцаасан мэт хэвээр үлдсэн атлаа, операторуудын нэвтрүүлсэн "Багцын үйлчилгээ"-ний ачаар хэрэглэгчийн 1 төгрөгт ногдох дата, ярианы хэмжээ хэд арав дахин нэмэгджээ. Энэхүү үнийн тогтвортой байдал болон хүртээмж нь үүрэн холбоог хүн бүрийн анхны наад захын хэрэгцээ болон хувиргаж, өнөөдрийн дижитал шилжилтийн хамгийн том хөдөлгүүр болжээ.
ИНФОГРАФИК: 2006-аас 2026 оны өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт
|
Хэрэглээний нэр төрөл |
2006 оны үнэ |
2026 оны үнэ |
Үнийн өөрчлөлт |
|
Атар талх |
310 ₮ |
2,800 ₮ |
9 дахин өссөн |
|
Автобусны билет |
200 ₮ |
1,000 ₮ |
5 дахин өссөн |
|
Киноны билет |
3,000 ₮ |
14,000 ₮ |
4.6 дахин өссөн |
|
Шатахуун (АИ-92, 1 литр) |
900 ₮ |
3,200 ₮ |
3.5 дахин өссөн |
|
Ярианы тариф (Үүрэн холбоо, 1 минут) |
70 ₮ |
70 ₮ - 100 ₮ |
Бараг ижил түвшинд хадгалагдсан (Суурь үнэ өөрчлөгдөөгүй) |
|
Шинэ сим карт (Утасны дугаар) |
20,000 ₮ |
3,000 ₮ |
6.6 дахин хямдарсан (Хэрэглээний босго үгүй болсон) |
Дата хэрэглээний өсөлт
2010-аад оноос Монголын интернет хэрэглээ ухаалаг утасны тэсрэлттэй зэрэгцэн огцом өсөж, дата төвтэй хэрэглээ давамгайлах болов. Өмнө нь хөдөө орон нутгийн иргэд, малчид утасны сүлжээ барихын тулд хамгийн өндөр уулын орой дээр гарч зогсдог байсан үе бий. Монгол шиг уудам газар нутагтай, хүн ам сийрэг улсад сүлжээний дэд бүтэц байгуулна гэдэг технологийн компаниудын хувьд асар их хөрөнгө оруулалт, хугацаа шаардсан ажил байлаа.
Салбарын компаниудын орон даяар байгуулсан шилэн кабелийн сүлжээ өнөөдөр нийт хүн амын 90 гаруй хувийг хамраад байна. Ялангуяа 2016 оноос Юнител групп 21 аймаг, 330 суманд 4G LTE сүлжээ эрчимтэй байгуулсан нь орон нутгийн хэрэглэгчдэд хотынхонтой яг ижил хурдаар өндөр хурдны интернэт ашиглах боломжийг олгожээ. Үүний үр дүнд малчин хотноосоо цаг агаарын мэдээ үзэх, онлайн банк ашиглах, сошиал платформ болон цахим худалдаанд ижил тэгш хамрагдах нөхцөл бүрдэв. Энэхүү дэд бүтцийн хөгжил өнөөдөр Улаанбаатар хот болон 21 аймгийн төвүүдэд 5G сүлжээ болон өргөжиж, Монголчуудын ухаалаг утасны хэрэглээ 93%-д хүрсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт болоход нөлөөлжээ. Мөн Монгол улс дата хэрэглээ болон дижитал хүртээмжээрээ дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа ба 1GB датаны дундаж үнэ ердөө $0.3 байгаа нь дэлхийн дунджаас 10 дахин хямд үзүүлэлт ажээ. /Эх сурвалж: Cable.co.uk, GSMA/
IPTV-ээс стриминг хүртэлх энтертайнментын шилжилт
Дэд бүтцийн өсөлттэй зэрэгцэн өрхийн энтертайнмент хэрэглээ ч орвонгоороо өөрчлөгдөв. Ердөө 2010-аад оны эхээр бид шинэ кино үзэхийн тулд Тэди төв эсвэл лангуунаас VCD, DVD диск худалдаж авдаг, эсвэл вирустэх эрсдэлийг үл тоон хууль бус торрент сайтуудаас кино татдаг байлаа. Антенаар гардаг хуучин зурагтын сувгууд салхи шуургаар гарахаа байчихдаг байсан тэр үеийг Юнивишн (IPTV) технологийн тусламжтайгаар бүрэн халсан юм.
2011 оноос IPTV болон шилэн кабель өрхийн хэрэглээнд нэвтэрч, нэг байрны айлууд интернэтээ хувааж ашиглан орой бүр гацдаг байсан хүнд үеийг ард хоцроов. Өнөөдөр энэхүү дижитал соёлын түүчээ 21 аймгийн төвийг бүрэн хамарч, цаашлаад алслагдсан сумууд руу эрчтэй тэлж байна. Шилэн кабелын сүлжээ сумын төвүүдэд нэвтэрснээр Улаанбаатарын хэрэглэгчийн хүртэж буй дижитал боломж, мэдээллийн тэгш байдлыг хөдөө орон нутгийн иргэд, малчдын гэр бүл ч яг ижил түвшинд хүртэх боломж бүрдлээ. Хотын залуус, сумын сурагч хоёр нэг цаг минутад дэлхийн контентыг хамтдаа, цаг алдалгүй шимтэн үзэж байна.
Энэхүү хөгжил нь хүртээмжийг нэмээд зогсохгүй контентын салбарт оюуны өмчийг дээдлэх соёл авчирсан. Холливудын ТОП студиүдийн бүтээлийг хууль ёсны дагуу үзэх боломж бүрдсэн нь дотоодын уран бүтээлчид бүтээлээсээ бодит орлого олж, дараагийн төслөө санхүүжүүлэх эрүүл экосистемийг бүрдүүлсэн юм.
Өнөөдөр энэ хэрэглээ зурагтаас хальж, LookTV зэрэг OTT платформоор дамжин гар утас руу шилжлээ. Хэрэглэгчид албан ёсны кино, контентыг хаанаас ч үзэх боломжтой болсон бөгөөд сонирхолтой нь LookTV-ийн идэвхтэй хэрэглэгчдийн 16%-ийг хилийн чанадад суугаа Монголчууд бүрдүүлж, эх хэл дээрх контентоо дэлхийн өнцөг булан бүрээс цаг алдалгүй үзэж байна.
Харилцаа холбооноос Дижитал экосистем рүү
Уламжлалт операторууд зөвхөн сүлжээ, сим карт зардаг үе өнгөрч, технологийн компани болон өөрчлөгдөж байна. Энэ шилжилт нь хэрэглэгчдэд олон апп суулгаж утасны санах ойг дүүргэх шаардлагагүйгээр Toki супер аппаас такси, хоол хүргэлт, финтекийн зээл, ухаалаг зогсоол болон хиймэл оюуны (GenAI) туслахыг нэг дор ашиглах амьдралын хэв маягийг бэлэглэсэн юм.
Нөгөө талд, бизнесийн салбар, банкууд, цахим худалдааны системүүдийг ард талд нь найдвартай авч явах үүргийг Nexmind зэрэг технологийн шийдэл бүхий компаниуд гүйцэтгэж байна. Автоматжуулсан систем нэвтэрснээр сүлжээний доголдол илрүүлэх, засварлах хугацаа 60%-иар буурсан нь иргэдийн цахим гүйлгээ, АТМ-ий үйлчилгээ гацахгүй байх далд баталгаа юм.
Хоёр арваны хугацаанд Монголын харилцаа холбооны салбар энгийн дуудлагаас дата, стриминг, финтек, хиймэл оюунд суурилсан дижитал экосистем рүү бүрэн шилжжээ. Гар утас тансаг хэрэглээ байсан үеэс өнөөдрийн технологийн экосистем хүртэлх энэ өөрчлөлтөд салбарын дотоод өрсөлдөөн, дэд бүтцийн урт хугацааны хөрөнгө оруулалт гол хөдөлгүүр нь байв. Цаашид сүлжээний чанарыг тогтвортой хадгалах, харилцагчийн үйлчилгээг шуурхай шийдвэрлэх, хиймэл оюун ухааныг амьдралд зөв нутагшуулах нь технологийн компаниудын дараагийн арван жилийн бодит сорилт байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
