1,742 иргэнийг залилж, ₮5.2 тэрбумын хохирол учруулсан этгээдүүдийг баривчилсан байна
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилах гэмт хэрэг үйлддэг 17 этгээдийг баривчилжээ.
Тодруулбал гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фэйсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг байжээ.
Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны апликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон.
Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байгааг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



