Монгол залуус Европын лигүүдэд гоол оруулсан тойрог...

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Европын хөлбөмбөгийн нэг улирал дуусаж байна. Буурал тивд хөлбөмбөгийн спортоор мөрөө гаргаж буй монгол залуус тус тусынхаа лигт гоол оруулсан тойрог боллоо.

Словакийн Дээд лигт ирэх жил үлдэх эсэх чухал тоглолтоо ''Комарно" клуб "Локомотива Зволен" багийн эсрэг хийлээ. Эхний тоглолтод 1:0-ээр хожигдсон тул энэ тоглолтод заавал хожих даалгавартай талбайд гарсан юм.

Ингэхдээ тус багт зүтгэж буй довтлогч Г.Ганбаярыг гараанд гаргасан байна. Г.Ганбаяр ч багийнхаа итгэлийг алдалгүй 90 минут талбайд тоглохдоо эцсийн цэгийг буюу гурав дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар баг нь 3:0-ээр хожлоо.

зураг
 

Г.Ганбаяр Словакийн лигт энэ улиралд тав дахь гоолоо оруулсан юм. Словакийн лигт 32 тоглолтод оролцохдоо 1,500 гаруй минутыг талбайд өнгөрүүлсэн Г.Ганбаяр өдгөө 25 настай юм.

зураг
 

Тэгвэл Чехийн II дивизионы "Динамо" багт данстай Г.Төгөлдөр хүнд гэмтлээсээ эргэн ирж, улирлын сүүлийн хоёр тоглолтод оролцлоо. Өнгөрсөн долоо хоногт эхний тоглолтод 61 минут тоглосон бол 30 дахь тойрогт түрүүлэх болзлоо хэдийнэ хангаад байгаа "Брно" багийн эсрэг багийнхаа нэр төрийн ганц гоолыг оруулжээ. 

Энэ тоглолтод төвийн довтлогчоор талбайд гарсан Г.Төгөлдөр 52 дахь минутад эсрэг багийнхаа хаалгыг мялаасан байна. Харамсалтай нь түүний баг 1:4-өөр дийлдсэн юм.

"Брно" клуб 30 тойргоос 76 оноо цуглуулсан бол ''Динамо"-гийн хувьд 34 оноогоор 16 багаас 13-т жагсжээ.