Л.Энх-Амгалан: Хүүхдийн гэрийн даалгаврыг фэйсбүүкээр өгөхгүй, утсанд донтох эрсдэлтэй

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ хичээлийн жилээс эхлэн гэрийн даалгаврыг сошиал сүлжээ буюу фэйсбүүкээр өгөхгүй болсныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ. 

"Хүүхэд утсанд донтох, сошиал орчинд донтох эрсдэлтэй тул гэрийн даалгаврын мэдээллийг сургуулийн системээр дамжуулж эцэг, эхчүүдэд өгнө" гэлээ.

Мөн хичээл бүр 10 минутын даалгавартай байх, даалгаврыг өдөр бүр биш хоёр долоо хоногт нэг эсвэл сард нэг удаа шалгах тогтолцоог хэрэгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлийг ярилаа.

Гэрийн даалгаврын тогтолцооны талаар Боловсролын сайд хэлэхдээ "Энэ жилээс эхлэн сургуулийг хөтөлбөр шинэчлэгдэж байгаа учраас гэрийн даалгаврын тогтолцоог өөрчилнө.

Монгол гэр бүлийн хамгийн том хэрүүлийн алим бол гэрийн даалгавар.

Хүүхэд эцэг, эхчүүдтэйгээ муудалцдаг. Багш хүүхэдтэйгээ муудалцдаг асуудал бол гэрийн даалгавар. Монгол Улсын гэрийн даалгаврын тогтолцоо оновчгүй, ачаалалтай байна гэсэн үг. 

Нэгдүгээр ангийн хүүхэд хичээлээ тарж ирээд дахиад 2-3 цаг даалгавар хийж болохгүй биз дээ.

Анги өсөх тусам хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал нэмэгдээд гуравдугаар ангиас нь огцом нэмэгдэж байна.

Иймд 10 минутын дүрмээр шинэчилнэ. Нэг хичээлийн гэрийн даалгавар 10 минутаас хэтрэхгүй.

Бага ангид хичээл бүрд гэрийн даалгавар өгөхгүй, уялдуулж даалгавар өгөөд өдөр бүр шалгадаг биш хоёр долоо хоногт эсвэл сард шалгадаг уян хатан тогтолцоонд шилжинэ.

Мөн энэ жилээс гэрийн даалгавруудыг фэйсбүүкээр өгөхгүй. Хүүхэд гэрийн даалгавраа фэйсбүүкээр авах гэж утсанд донтдог. Иймд есдүгээр сарын 1-нээс гэрийн даалгаврыг сошиал сүлжээгээр өгөхгүй. Сургуулийнхаа системээр дамжуулж эцэг эхчүүдтэйгээ харьцах, сургуультайгаа харьцах ажлыг хийнэ" гэлээ.