Б.Жаргалан: ₮1.4 их наядын хэмнэлт хангалтгүй. Төсвийн алдагдлыг бүр мөсөн арилгаж тодотголоо оруулж ирэхийг шаардаж байна
Улсын Их Хурал (УИХ) дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах талаар шийдвэр гаргажээ.
Тус намын бүлэг Иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх саналтай байгаа аж.
Уг тогтоолын талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Өмнөх хэвлэлийн хурлаар Засгийн газрыг төсвийн тодотголоо яаралтай өргөн мэдүүлэх шаардлага тавьсан. Өнөө өглөө Ерөнхий сайд төсвийн тодотголыг өргөн мэдүүлснээ зарлалаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах, иргэдийн орлогыг хэрхэн хамгаалах талаар гарц шийдэл ярилцлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн "Иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах тухай" УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцүүлсэн. Уг тогтоолоор гурван бүлэг асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.
Нэгт макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах буюу төсөв мөнгөний бодлогыг зохистой түвшин авч явах, 2026 оны төсвийн тодотгол дээр төсвийн алдагдлыг арилгах гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Ерөнхий сайд өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол дээрээ төсвийн зардлыг 1.4 их наядаар бууруулна гэлээ. Эхний хагас жилийн байдлаар улсын төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Тэгэхээр 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хангалтгүй. Бидний хувьд төсвийн алдагдлыг бүр мөсөн арилгаж төсвийн тодотголоо оруулж ирэхийг шаардаж байна.
Мөн 2027 оны төсвийг хэлэлцүүлэхдээ иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг багасгах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгож бууруулах шаардлагыг тогтоолын төсөлд оруулсан. Засгийн газар НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн мэдүүлэх шаардлагыг хэлэлцэж байна.
Хоёрт шатахуун эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлийн асуудал юм. Сүүлийн үед шатахуун түгээлтийн менежментийн холбоотой асуудалд шуурхай төлөвлөгөө баталж, иргэдэд тодорхой зүйлийг танилцуулах ёстой. Удахгүй өвөл болж хүйтрэхийг Ерөнхий сайд ойлгож байсан. Өвөл болоход эрчим хүчний хомсдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тэгэхээр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний арга хэмжээг санал болгож байгаа.
Цаашид нийлүүлэлтийн шокноос урьдчилан сэргийлэхийн тулд тээвэр ложистикийн салбарын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарын асуудалд илүү алсыг харсан бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой шаардлагыг хэлэлцүүлсэн.
Засгийн газар нэгэнт төсвийн тодотгол өргөн мэдүүлсэн учраас УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсвийн тодотгол болон иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй.
Сүүлийн жилүүдэд бий болсон амьжиргааны өртөг олон улсын нөхцөл байдал, Орос Украины дайн, бусад асуудалтай холбоотой гэхээс илүүтэй өнгөрсөн 10 жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоор эрх барьсан Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлогын шууд үр дүн юм.
Зөвхөн 2026 оны эхний долоон сарын байдлаар манай улс 12 тэрбум ам.доллар буюу 44 их наяд төгрөгийн экспорт хийгээд байна. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээрх манай улсын түүхий эдийн үнэ ханш ямар таатай байгааг энэ дүн илтгэнэ. Гэтэл эрх баригчид төсвөө хэт тэлсэн, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсний улмаас дотоод үнийн өсөлтөө дийлэхээ байсан. Монголчууд өөрсдөө махаа худалдан авч дийлэхгүй нөхцөл байдалд орно гэдэг туйлын гутамшигтай явдал" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

