О.Цогтгэрэл: Эрээн, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг хөндөх ёстой
Улсын Их Хурал (УИХ) дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Сүүлийн үед улс төр болон ард иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал яаж хүндэрч буй талаар албан ёсны мэдээллүүд гарч байна. Тиймээс манай бүлэг ээлжит бусаар хуралдаж, иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэдэг тогтоолын төслийг хэлэлцлээ.
Эрх баригчид "гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас бид хэцүү байна" гэдэг зүйлийг ярьж байна. 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг баррель нефть 120 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед эрх баригчид ажиллаж байна. 10 жилийн өмнө 30 ам.доллар байсан нэг тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн турш 100 ам.доллароос дээш байна.
Ийм нөхцөл орчинд ямар таагүй эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж улс орны доройтуулсан сарууд үргэлжилж байна. Сүүлийн 2-3 сарын хугацаанд ард иргэдийн бодит орлого буурлаа. Инфляц 10 хувьд хүрлээ, төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарлаа. Өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ нэмчихлээ. Бодлогын хүү ээлж дараатай нэмэгдсэнээр аж ахуйн нэгж зээл санхүүгийн эх үүсвэргүй болж дампуурна гэсэн үг.
Муу Засгийн газар удах тус юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг зөвхөн шүүмжлэх бус УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, ээлжит бусаар чуулган хуралдах ёстой гэсэн шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд өнөөдөр өмнөх Засгийн газар руугаа буруу чихдэг. Нар, саран дээрээс ирсэн юм уу, 10 жил хэн засагласан юм бэ. Өнөөдрийн Ерөнхий сайд Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан.
Ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс НӨАТ-ыг шинээр өргөн барих төсөв дээр тав хувь хүртэл бууруулах ёстой гэсэн санал гаргасан.
Нефть шатахууныг гуравдагч хөршөөс авах асуудлыг бүрдүүлье гэж ярьж байгаа нь тээвэр ложистикийн асуудал юм. Эрээн, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл параллель нарийн царигтай төмөр зам Монгол Улс тавих асуудлыг хөндөх ёстой юм гэдэг санаачилга бүлгийн хурал дээр гарсан. Урдаас нарийн царигтай ирээд Замын-Үүд дээр шилжүүлэн ачих байгууламж хангалтгүй.
Нарийн, өргөн царигийн асуудал байдаг. Үүнийг тойроод Эрээн, Замын-Үүдээс магадгүй Чойр, Багахангай, Богдхан уул хүртэл нарийн царигаар огтлолцохгүйгээр тээвэр ложистикийн асуудлыг шийдвэл бараа бүтээгдэхүүний үнэ шийдэгдэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

