НАСА-гийн хуучирсан сансрын телескопыг аврах ажиллагаа бүтэлгүйтжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн агаар мандалд унаж, устах нь гарцаагүй болоод байгаа НАСА-гийн Swift сансрын телескопыг аврах ажиллагаа бүтэлтүйтсэнийг уг ажиллагааг хариуцсан Katalyst Space компани өчигдөр мэдээлжээ.

Swift нь 2004 оноос хойш дэлхийн тойрог замд сансрын үзэгдлүүдийг судалж буй $500 саяын өртөгтэй телескоп юм. Уг телескоп сүүлийн үед дэлхийн татах хүчний нөлөөгөөр улам бүр өндрөө алдаж байгаа.

Телескопын ашиглалтын хугацааг сунгахын тулд Katalyst Space стартап компанийг НАСА хөлсөлсөн юм. Katalyst Space нь долдугаар сарын эхээр өөрийн зохион бүтээсэн Link хөлгийг сансарт хөөргөсөн бөгөөд уг хөлөг газраас 347 км өндөрт байгаа Swift телескопыг робот гараар түлхэж, ойролцоогоор 600 км-ийн өндөрт орших тойрог замд хүргэх зорилготой байжээ.

Ингэж дэлхийгээс холдуулсан тохиолдолд уг телескоп дахин хэдэн жил ажиллах боломжтой болох байв.

Гэвч Link хөлөг сансрын уудамд хүрснийхээ дараа хяналтгүй эргэлдэж эхэлжээ. Katalyst-ийн инженерүүд хөлгийнхөө хяналтыг буцаан олж авахын тулд хэдэн долоо хоногийн турш ажиллаж, өнгөрсөн долоо хоногт шинэ программ хангамж суулгасан ч эргэлтийг зогсоож чадаагүй байна.

“Link хөлгийг тасралтгүй хянаж, үнэлсний дараа Neil Gehrels Swift ажиглалтын станцыг өндөр тойрог замд шилжүүлэх боломжгүй болсныг Katalyst Space болон НАСА хамтдаа хүлээн зөвшөөрлөө” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Дэлхийн тойрог замд ажиллаж буй хөлгийг аврах ийм ажиллагааг НАСА анх удаа зохион байгуулсан нь энэ юм. Тус байгууллагын захиалгаар Аризонад төвтэй Katalyst компани аврагч Link хөлгийг бүтээх, турших $30 саяын өртөгтэй ажлыг есөн сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгаад байсан юм.

“Бид энэхүү өндөр эрсдэл, өндөр шагналтай сорилтыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл гаргасан амжилтаараа бахархаж байна” гэж Katalyst Space компанийн гүйцэтгэх захирал Гонхи Ли мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters