Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассаны хоёр эхнэр нь хоорондоо зодолдсоны дараа эмнэлэгт хүргэгджээ
Египетийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассан улсынхаа тансаг зэрэглэлийн амралтын газарт гэр бүлийнхээ хамт оройн зоог барьж байх үед хоёр эхнэр нь хоорондоо зодолдсоны дараа ухаан алдсан тул эмнэлэгт хүргэгджээ.
Өдгөө 60 настай Хоссам ид үедээ шигшээ багийнхаа төлөө 177 тоглолтод оролцож 69 гоол оруулсан үзүүлэлтээр бүх цаг үед тэргүүлдэг.
2008 оноос дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн тэрбээр 2024 онд Египетийн шигшээг удирдах болсон юм. Өнгөрсөн долдугаар сард өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-д түүний шавь нар хэсгээсээ шалгараад хасагдах шатанд анх удаа өрсөлдөгчөө хожсон билээ.
Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт Египет дэх Порто Марина амралтын газарт оройн хоолны үеэр түүний хоёр эхнэр хоорондоо хэрэлдэж эхэлсэн бөгөөд маргаан ширүүсэхэд Хоссам Хассаны бие муудаж, ухаан алдсан байна.
Удалгүй ухаан орсон Хассан үүний дараа анхны эхнэрээсээ салах шийдвэр гаргаснаа зарлажээ.
Тэр анхны эхнэр Ховайда Аль-Гарабавитайгаа 2012 онд гэрлэсэн бол хоёр дахь гэргий Дина Мустафатай 2015 онд хуримлажээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр зодолдсон хоёр эмэгтэй хөнгөн гэмтсэн байна.
Харин "Sky News Arabia"-д дасгалжуулагчийн өмгөөлөгч нь мэдээлэл өгөхдөө Хассаныг эрүүл мэндийн ноцтой асуудалд орсон гэх цуурхлыг үгүйсгээд түүний биеийн байдал сайн байгааг онцолжээ.
Эх сурвалж: Al Arabiya
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

