Стагфляцын эрсдэл нэмэгдэх үед эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ?
Банк, санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй Б.Батхүүтэй банк, санхүү, эдийн засгийн бодлогын талаар ярилцлаа.
- Таны өмнө манайд өгсөн ярилцлага олон хүний анхаарлыг татсан. Энэ удаад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаагаа хуваалцана уу.
- Иргэд өдөр тутмын амьдрал дээр үнийн өсөлт инфляцыг мэдэрч байна. Ялангуяа хүний анхдагч хэрэгцээт бараа хүнсний бүтээгдэхүүн, орон сууц, түрээсийн үнийн өсөлт их, жижиг бизнесүүд үйл ажиллагаа тогтворгүй, эдийн засгийн өсөлт байлаа ч иргэдийн амьжиргаанд нөлөөлөл нь мэдэгдэхгүй, жигд биш сул, нөгөө талаас бараа, үйлчилгээний үнэ өсөөд байхад хүмүүсийн орлого дагаж нэмэгдэхгүй байна. Үүнийг эдийн засагт стагфляц гэж нэрлэдэг. Цаашид газрын тосны үнийн савлагаатай холбоотойгоор энэ бүр гүнзгийрч магадгүй байна.
- Ийм нөхцөлд эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ?
- Стагфляцын үед Төв банк инфляцын эсрэг мөнгөний хатуу бодлого буюу бодлогын хүүгээ өндөр байлгах, эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогын хүүгээ бага байлгах гэсэн эсрэг 2 бодлого явуулах сорилт тулгарч байна. Иймэрхүү сорилт 1973 оны дэлхийн газрын тосны хориг болон 1979 онд Иранд хувьсгал гарах үед дэлхийд бензиний үнэ өсөж одоогийн үетэй адил зүйл тулгарч байсан.
Түүнчлэн 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас өмнө Төв банкууд мөнгөний бодлогоо ихэвчлэн банкуудын хоорондын өдрийн зээл/overnight/-ийн зах зээл дэх нөөцийн хэмжээг удирдах замаар хэрэгжүүлдэг байсан. Харин хямралын дараа арилжааны банкууд Төв банканд их хэмжээний илүүдэл нөөц байршуулдаг болж Төв банк түүнд төлөх хүүгээр мөнгөний бодлогын удирдах тогтолцоонд шилжсэн.
Монгол Улсад Төв банк мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудын нөөцийг голчлон 28 хоногийн хугацаатай үнэт цаас гаргах замаар зохицуулж байна. Миний бодлоор Төв банкны үнэт цаасыг илүү уян хатан болгож төрөлжүүлэн 7–28 хоногийн хугацаатай үнэт цаас нь зах зээл дэх богино хугацааны илүүдэл хөрвөх чадварыг шингээж, инфляцын дарамтыг бууруулахад, 3–6 сарын хугацаатай үнэт цаас нь арилжааны банкуудын дунд хугацааны санхүүжилтийн тогтвортой байдлыг дэмжихэд, 6–12 сарын хугацаатай үнэт цаас нь эдийн засгийн идэвхжилийг хэт огцом сааруулахгүйгээр мөнгөний бодлогын дамжих механизмыг сайжруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж болно.
Ийм мөнгөний бодлогын арга хэрэгслийг олон улсын өргөн хэрэглэдэг.
- Засгийн газар, иргэдийн зүгээс юу хийвэл зохистой вэ?
- Засгийн газрын зүгээс төсөвтөө заавал иргэдийг өөрийгөө хөгжүүлж, мэргэжил, ур чадвараа нэмэгдүүлэх мэргэжлийн сургалтуудыг суулгаж, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хүмүүсийн ур чадвар нэмэгдсэнээр орлого нэмэгдэнэ шүү дээ. Энэ дотор гадаад хэл сурах сургалтыг ч оруулж болно. Ингэснээр ажиллах хүчний ур чадвар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, эдийн засгийн тогтвортой өсөлтөд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Стагфляцын үед хамгийн найдвартай хамгаалалт бол иргэн өөртөө хийх хөрөнгө оруулалт юм.
Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдах нь чухал. Үүний зэрэгцээ орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх, өрхийн санхүүгээ зөв удирдах, шаардлагагүй зардлаа бууруулах, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихэд тогтмол хөрөнгө оруулах нь эдийн засгийн хүндрэлд дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ.
Ойрын 10 жилд хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун ухааныг ашиглах чадвар, автоматжуулалтын технологитой ажиллах мэдлэг, англи хэлний өндөр түвшний чадвар, дата боловсруулах болон дүн шинжилгээ хийх ур чадвар улам бүр өндөр үнэлэгдэх төлөвтэй байна. Иймээс иргэн бүр тасралтгүй суралцаж, мэдлэг боловсролоо ахиулан, мэргэжлийн ур чадвараа шинэчилж байх нь зөвхөн стагфляцын үед төдийгүй урт хугацаанд орлогоо нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт юм.
- Гадаадын банкуудын талаар чуулган боллоо. Энэ талаар таны бодол?
- Өмнөх ярилцлагадаа энэ талаар дурдсан. Нэг юм нэмж хэлэхэд банкууд хадгаламж авахдаа банкны сугалаат аян, урамшуулал зэрэг маркетинг хийхийг АНУ, Европ, Япон гэх мэт бусад орнууд хориглодог хууль тогтоомжтой байдаг. Бодоод үзэхэд энэ чинь угаасаа ийм зүйл хийж болохгүй л дээ. Харин мөнгө хадгалуулахад банкны найдвартай байдал зээлжих зэрэглэл, аудитын тайлан, зах зээлийн итгэлцэл, санхүүгийн харьцааны үзүүлэлтийг л харилцагч, хадгаламж эзэмшигчдэдээ харуулах ёстой. https://ikon.mn/n/3lru
- Сүүлийн үгийг танд үлдээе.
- Монголын компаниуд ойрын жилүүдэд технологийн хурдан өөрчлөлттэй нүүр тулна. Жишээлбэл, хиймэл дагуулын холбооны технологи хөгжихийн хэрээр гар утасны үйлчилгээ үзүүлэх арга барил өөрчлөгдөж, хиймэл дагуулын шууд холболтын (direct-to-cell) үйлчилгээ өргөжих, алсын зайн оношилгоо, телемедицин, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, ложистик зэрэг бараг бүх салбар шууд өрсөлдөх нөхцөл бүрдэж байна.
Иргэд мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, шинэ технологийг ашиглах чадвараа хөгжүүлэх нь чухал.
Харин компаниуд бизнесийн загвар, засаглал, бүтээмжээ шинэчилж, дижитал шилжилт, инновац, хүний нөөцийн хөгжилд илүү их хөрөнгө оруулан шаардлагатай байна. Ийм бэлтгэл хийж чадсан улс, компани, иргэд технологийн өөрчлөлтийг эрсдэл бус, шинэ боломж болгон ашиглах давуу талтай байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
