"Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана"
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд эхлээд буй.
НТУГ-аас мэдээлснээр туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шалгаж, системийн хэвийн бус нөхцөл дэх ажиллагааг шалгах зорилгоор цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабиныг зэрэг ажиллуулах, гэнэт зогсолт хийх зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, хамгаалалтын болон удирдлагын системийн ажиллагааг шалгах аж.
Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгах бөгөөд үүний дараа 96 кабинд 750 кг-ийн жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулах юм байна.
Дүүжин замын тээврийн цахилгааны хангамжийн тухай ахлах инженер Г.Түвшинсанаа “Францын “Bureau Veritas” группийн үнэлгээ хийгдэж, улмаар улсын комисс орсны дараа дүүжин замын тээврийн хөдөлгөөнийг нээж, зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөж байна.
Дүүжин тээврийн системийн хөдөлгөгч үндсэн мотор нь 567кВт хүчин чадалтай ба аюулгүй ажиллагааны горимын дагуу хоёр өөр цэгээс тэжээлтэй ажиллана. Тогны хязгаарлалтын үед нэг талын тэжээл тасрахад нөгөө талын тэжээлтэй учир хэвийн горимоор ажиллах юм.
Онцгой тохиолдол буюу нийтээр тог тасарсан үед зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан 275 кВA чадалтай нөөц цахилгаан генератор төлөвлөсөн. Энэ нь дүүжин замын тээврийн бүрэн чадалд бус зөвхөн зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан нөөц үүсгүүр юм” гэв.
Төслийг улсын комисс хүлээн авахаас өмнө Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийж, зураг төсөл нь батлагдсан зураг, норм стандарт мөрдсөн эсэх, материал болон гүйцэтгэлийн чанарыг хангасан эсэх, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн эрсдэл зэргийг тооцоолж, хяналт тавих ажээ. Аудит хийх “Bureau Veritas” групп нь 1828 онд байгуулагдсан бөгөөд зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг байна. Олон Улсын 5,000 гаруй барилгын төсөлд оролцож, 10 мянга гаруй барилгад хяналт хийжээ.
Энэхүү төслийг БНФУ-ын Засгийн газрын $51 саяын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх гэрээтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
