Эрхүүгийн лабораторийн тахал судлаач нас барсан явдлыг АНУ анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдлээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сибирийн тахал судлалын төвд амиа алдсан Оросын лабораторийн ажилтны хэргийг АНУ "маш нухацтай" ажиглаж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн уг явдал уушгины тахал тархахад хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас Вашингтон нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа ч одоогоор айж сандрах шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн байна.

Эрхүү мужийн захирагч тухайн эмэгтэйн нас барсан шалтгааныг "тодорхойгүй шалтгаант уушгины үрэвсэл" гэж зарлаад түүний "биологийн дээжээс" ажилтай нь холбоотой "ямар ч бичил биетэн" илрээгүй болохыг мэдэгдсэн юм.

Баталгаажаагүй мэдээллээр тухайн эмэгтэй эмгэг төрүүлэгч агуулсан шинжилгээний хоолойг хагалсны дараа өвчилсөн байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байна.

Оросоос тахал тархах эрсдэлийн талаар Вашингтон ямар арга хэмжээ авах тухай асуултад Трамп хариулахдаа энэ талаар Кремльтэй яриагүй байгаагаа хэлжээ.

Тэрбээр "Тэд ийм асуудалтай тулгарсанд харамсаж байна. Бид туслах болно. Ийм төрлийн асуудалтай тулгарсан хэн бүхэнд бид үргэлж туслах болно" гэж хэлсэн байна.

Оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон эрүүл ахуйн хяналтын байгууллага болох Роспотребнадзорын мэдээлэлд үндэслэн Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев хэлэхдээ тус лабораторийн ажилтан нас барснаас хойш тахал судлалын хүрээлэнгийн бусад ажилтнууд эмнэлгийн тусламж хүссэн тохиолдол бүртгэгдээгүйг баталжээ.

Хяналтын байгууллагын мэдээлснээр биологийн аюулгүй байдлын баг Эрхүү хот дахь Сибир, Алс Дорнодын Тахлын Эсрэг Хүрээлэнд шалгалт явуулсан ч ямар нэг онцгой нөхцөл байдал илрээгүй гэнэ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков олон нийтийг "янз бүрийн цуу ярианд автахгүй байх"-ыг уриалж, харин Роспотребнадзорын албан ёсны мэдэгдэлд итгэж найдахыг зөвлөжээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нас барсан эмэгтэйтэй хавьталд орсон гэх 200 орчим хүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн хяналтад авсныг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Сэтгүүлч "Орос улсад бүртгэгдсэн тахлын сэжигтэй тохиолдлын талаарх сүүлийн үеийн мэдээлэл"-ийг асуухад төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Тус лабораторийн нэг ажилтан халдвар авч, уг халдвар тархсан байж болзошгүй, ядаж л дотооддоо тархсан байх магадлалтай гэх болгоомжлол үүсээд байна. Тэдний хэрэгжүүлж буй хөл хорионы арга хэмжээнүүдээс та бүхэн үүнийг мэдсэн байх.

Хэрэв ийм төрлийн халдвар гадагш алдагдвал маш хурдан тархах эрсдэлтэй. Тиймээс бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, хянаж байна. Энэ нь түгшүүр зарлах шалтгаан болно гэж би бодохгүй байна, гэхдээ анхаарлаа хандуулж, ажиглах шаардлагатай бөгөөд бид үүнийг хийж байна” гэж хариулжээ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр "Дарья" гэж нэрлэсэн хорь гаруй насны эмэгтэй Пүрэв гарагт эмнэлэгт нас барсан бөгөөд тэр саяхан Монгол улстай хиллэдэг Буриадын бүс нутагт очоод ирсэн байсан гэнэ.

14-р зуунд "Хар үхэл" (Black Death) нэрээр Европ тивийн хүн амын тал хүртэлх хувийг устгаж байсан тахлын нян буюу “Yersinia pestis” нь тухайн бүс нутагт тарвага зэрэг мэрэгч амьтдын дунд түгээмэл илэрдэг.

Сибир, Алс Дорнодын Тахалтай Тэмцэх Хүрээлэн нь 100 гаруй жилийн өмнө гарсан тахлын дэгдэлтийн хариу арга хэмжээ болгон байгуулагдаж байжээ.

Редингийн Их Сургуулийн эсийн микробиологийн дэд профессор, доктор Саймон Кларк өчигдөр BBC Radio 4 сувгийн "PM" нэвтрүүлгээр ярихдаа “Yersinia pestis” нянгийн уушгины хэлбэр нь эмчлүүлэхгүй бол ихэнхдээ үхэлд хүргэдэг ч антибиотик эмчилгээгээр эдгээх боломжтойг хэлсэн юм.

"Уушгины тахал нь хүнээс хүнд халдварлах боломжтой тул санаа зовоож байна" гэж тэр энэ үеэр ярьжээ.

"Мэдээж хэрэг, халдварт өвчний дэгдэлт гарах үед хүмүүсийн санаанд хөл хорио, Ковид зэрэг зүйлс орж ирдэг ч энэ тохиолдолд тийм зүйл болохгүй. Хүмүүс 'Өө, тахал гэнэ үү? Тэр чинь хэдэн зуун жилийн өмнө алга болсон шүү дээ' гэж боддог ч үнэндээ тийм биш. Энэ нь одоо ч оршсоор байгаа бөгөөд дэлхийн зарим хэсэгт хүмүүсийн ​​эрүүл мэндэд аюул учруулсаар байгаа тул судлах шаардлагатай” гэж Кларк тайлбарласан байна.

Уг эмгэг төрүүлэгчийг биологийн зэвсэг болгон ашиглах зорилгоор судалж байсан байж болзошгүй эсэх талаар асуухад эрдэмтэн үүнийг боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

"Энэ нь Орос улсад болж буй явдал тул хүмүүсийн санаанд тийм бодол орж ирж байгаа байх, гэхдээ миний өмнө дурдсан тайлбар илүү магадлалтай болов уу гэж би бодож байна" гэж Кларк хэлжээ.

 

Эх сурвалж: BBC