Ч.Нарантуяа: Цалин нэмэгдүүлэх талаарх хэлэлцээрийн шаардлагыг биелүүлэхгүй бол эмч, ажилтнууд ажил хаяхад бэлэн
Багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Үйлдвэрчний Эвлэлийн салбар холбоод болон холбогдох яамд хэлэлцээр байгуулсан.
Гэвч бодит байдал дээр Засгийн газар үйлдвэрчний эвлэлтэй хийсэн хэлэлцээрээ бүрэн биелүүлэхгүй байгаа талаар өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ), Монголын Эрүүл Мэндийн Ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо(МЭМАҮЭХ)-ноос байр сууриа илэрхийллээ.
МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа "Бид цалин нэм гэж шинэ зүйл шаардаагүй. Өнгөрсөн онд байгуулсан салбарын гурван талт хамтын хэлэлцээрийн шаардлагаа биелүүл гэсэн шаардлагаа тавьсан. 2026 онд нийт 75 хувиар цалин нэмж байгаа. Үүний 30 хувийг нэгдүгээр сараас, 45 хувийг наймдугаар сараас эхлээд сар бүр есөн хувиар нэмэх ёстой. Гэтэл хэлэлцээрийн заалтаа биелүүлэхгүй байна. Ажил хаяхад бэлэн гэсэн 10,000 хүний гарын үсэг ирсэн.
Нэмэгдлийг наймдугаар сарын 1-нээс нөхөж олго. Нийгмийн зөвшлөөр байгуулсан хамтын хэлэлцээрийн заалтыг Засгийн газар, Ерөнхий сайд нь хэрэгжүүлэхгүйгээр шууд арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувь нэмнэ гэж байгаа нь эмгэнэлтэй байна. Гурван тал тохиролцоод гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээрийнхээ биелэлтийг манай салбарын эмч ажилтнууд шаардаж байгаа.
"Сүнс эмч" гэгдээд бид цай уух ч эрхгүй эмгэнэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдгийг салбарынхан маань хэлж байна. Засгийн газраас тавьсан саналуудыг хүлээж авахгүй, зөвхөн салбарын хэлэлцээрт байгаа шаардлагыг биелүүл гэж байгаа.
З.Цогтгэрэл: Талууд нэгдсэн байр сууринд хүрэхгүй бол хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдье
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "2026 онд байгуулсан хэлэлцээрийнхээ хүрээнд арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх ёстой 26 хувийн нэмэгдлээ шаардаж байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр тусгасан ч маргаантай байсаар тавдугаар сарын 1-нээс нь эцэслэгдэн хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувийн нэмэгдүүлэхээр тооцсон.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс салбарын багш, ажилтны цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр хэлэлцээрт тусгуулсан ч 2027 оны улсын төсөвт эдгээр шат дараатай арга хэмжээнүүд тусгагдаагүй. 26 хувийн нэмэгдэл яригдаж эхлээгүй, төсвийн тодотголд тусгагдаагүй байна. Иймд дээрх асуудлуудаар шаардлага хүргүүлнэ.
2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт бидэнд танилцуулж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна. Цаашид талууд нэгдсэн байр сууринд хүрэхгүй бол хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдье" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
