"Төрийн залгамж халаа байх ёстой. Эмч, багш нарын цалингийн хэлэлцээрийг төсвийн тодотголд тусгаагүй байна"

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-оос өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл хөдөлгөөний үр дүн, гарсан шийдвэр, тохиролцооны хэрэгжилт, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай асуудлуудын талаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санал, байр суурийн талаар танилцууллаа. 


Монгол Улсын иргэн бүрд хамааралтай эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бид маш олон сорилт, дарамтын дунд хэлэлцээ хийж тохиролцсон. Энэ хэмжээний ачааллыг төр өөрөө даагаад гарч чадна гэх амлалтаа өгөөд хэлэлцээрээр баталгаажуулж түүнийг нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэж авсан. Харамсалтай нь энэ хэмжээний төсөв тусгагдахгүй байгаад МҮЭХ-ноос эрс эсэргүүцэж байна гэв. 

Эрүүл, мэнд боловсролын салбарын ажил олгогч нь төр юм. Гэтэл төр хангалттай хэмжээний их үүсвэрийг тусгахгүйгээр төсвийн төсөл болоод төсвийн тодотголдоо оруулахгүйгээр УИХ-д өргөн барьсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

Өнгөрсөн жилийн маш олон жагсаал цуглаан, ажил хаялтын үр дүнд боловсролын салбарт нийтдээ 76 хувь буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 50 хувь, 11-р сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тохиролцоо хийсэн байна. 

Мөн эрүүл мэндийн салбарт 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарыг дуустал сар болгон 9 хувиар цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиролцоог тухай үеийн Засгийн газартай хийж хэлэлцээрээр баталгаажуулжээ. 

"Эрүүл мэндийн салбарынх нь наймдугаар сарын 9%-ийн нэмэгдлээ аваагүй байна" 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа "Өнгөрсөн оны 10, 11-р сард эрүүл мэндийн салбарынх нь үндэсний хэмжээнд ажил хаях дээрээ тулж байж нэмэлт хэлэлцээрийг байгуулж 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 75 хувиар нэмнэ гэж заасныг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Бид энэ талаар сонордуулж 2026 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарын 45 хувийн нэмэгдэл буюу 200 тэрбум төгрөгийг тусгах саналыг хүргүүлсэн. 

Эрүүл мэндийн салбарынх нь наймдугаар сарын 9%-ийн нэмэгдлээ аваагүйд маш их бухимдалтай байна. 

Төрийн залгамж халаа байх ёстой. Өмнөх сайдын хийсэн бүх тушаал шийдвэр үргэлжлээд хэрэгжээд явдаг. Иймд эрүүл мэндийн салбарын цалингийн нэмэгдэл цаашид 9 хувиараа нэмэгдээд явах ёстой. Хэрэв нэмэгдэхгүй бол тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлэхэд бэлэн байна гэх шаардлагыг маш олон эмнэлгүүд бичээд ирүүлчихсэн байна. 

Ерөнхий сайд Н.Учрал яагаад хэлэлцээрийн хүрээнд яриагүй асуудлаараа аман яриа яриад байгаа юм бэ? Салбар дотроо шийдээд Хөдөлмөрийн хуульд зааснаараа хэлэлцээрийнхээ үр дүнг шаардах ёстой. Бид ажлын мал биш. Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авмаар байна" гэв. 

"2027 оны төсвийн төсөлд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа"

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "Боловсролын салбарт мөн адил нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн жил хийсэн. Шинээр байгуулагдсан  Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барьсан ч үүнд боловсролын салбарын төсөв мөнгөтэй асуудлыг тусгаагүй байна. Иймд 2027 оны төсвийн төсөлд гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа.

Засгийн газар УИХ-д өргөн барьсан төсөв дээрээ инфляцтай уялдуулж нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэж хэлсэн ч энэ нь зөвхөн алдагдсан боломжийг нөхөж байгаа болохоос биш тухайн салбарын нийгмийн баталгаа болсон цалин хөлс нь гүйцэд нэмэгдэхээргүй дүнтэй байна" гэв.