Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо 2026 оны наймдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг байгааг нэмэгдүүлж, 1,000,000 төгрөг болгох шийдвэр гаргасан.
Хэдийгээр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс үүнийг дагаж мөрдөхөөр болсон ч ирэх оны улсын төсвийн төсөлд цалин хөлсийг хуучин хэмжээгээр нь тусгасан, шинэчлээгүй хэвээр байна гэх асуудлаар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ноос мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог хуультай. Эдийн засгийн таван гол параметр буюу инфляц, амьжиргааны баталгаажих түвшин, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, эдийн засгийн өсөлт, бүтээмжийн өсөлтийг харгалзан тооцоолж, хоёр жилд тогтоодог. Энэ хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг цагийн хөлсний хамгийн доод хэмжээг 5,900 төгрөг болгосон. Харамсалтай нь шийдвэр гарсан ч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хайхрамжгүй мэдэгдлүүд хийж, одоог болтол 2027 оны улсын төсөвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцсон хэвээр байна. Үүнийг яавч хүлээн зөвшөөрч болохгүйг мэдэгдье.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаггүй, хамгийн энгийн ажил мэргэжлийн авч болох хамгийн доод хэмжээ. Аль ч тохиолдолд үүнээс доошилж болохгүйг баталгаажуулдаг. Мөн улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг эдийн засгийн салбаруудын цалин хөлсний доод хэмжээ өөрчлөгддөг.
Тухайлбал
- автотээврийн салбарт улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 1.5 дахин
- иргэний нисэхийн салбарт 1.8 дахин
- харилцаа холбооны салбарт 1.2 дахин
- газрын тосны салбарт 2 дахин
- эрчим хүчний салбарт 1.7 дахин
- уул уурхайн салбарт 2 дахин өснө.
Жишээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,000,000 төгрөг болж нэмэгдвэл уул уурхайн салбарын энгийн ажил мэргэжлийн үндсэн цалин багадаа 2,000,000 төгрөг болно.
Үйлдвэрчний эвлэл нь зөвхөн төрийн албан хаагчдын цалин хөлс бус Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн дотор үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн, албан бус эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалттай гээд бүх байгууллага дээр ажилтан хүний хөдөлмөрийн үнэлэмжийн доод хэмжээг нь тогтоож байгаа. Энэ нь эдийн засгийн том механизм бөгөөд нийгэмд олон эерэг үр дүнг дагуулдаг" гэлээ.
Түүнчлэн тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнөөр татвар, хураамж өснө гэх асуудалд "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр татвар өсөхгүй. Сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлээ хамгийн багаар төлдөг иргэдийн шимтгэлийн хэмжээ өснө. Харин албан журмаар даатгуулсан хүмүүсийн шимтгэл төлөлтөд өөрчлөгдөхгүй. Зарим хууль, дүрмээр зохицуулагдах харилцааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдаг. Тухайлбал гадаадаас ажиллах хүч авч байгаа ажилтанд ногдох төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол Хөдөлмөр эрхлэлтийн санд оруулах төлбөрийн хэмжээ тодорхой хэмжээнд нэмэгдэнэ" гэж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
