Зөвлөлтийн үед алдаршиж байсан гипнозч Анатолий Кашпировский 87 насандаа таалал төгсөв

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

1980-аад оны сүүлээр Зөвлөлтийн төв телевизийн сувгаар олон сая үзэгчийг байлдан дагуулж байсан гипнозч Анатолий Кашпировский 87 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр Бямба гарагийн өглөө Москва дахь гэртээ амьсгал хураасан байна.

“Анатолий Михайлович уушги болон тархинд нь тархсан хорт хавдрын улмаас нас барлаа. Олон эрхтний үйл ажиллагаа хавдрын улмаас зогссон” гэж түүний зээ хүү Юрий Мамаев хэвлэлд ярьжээ.

1939 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украинд төрсөн Кашпировский 1962 онд Винницагийн Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөнийхөө дараа орон нутгийн сэтгэцийн эмнэлэгт 25 жил ажиллаж байв.

Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевын санаачилсан “өөрчлөн байгуулалт” тус улсын нийгэмд нууцлаг, ер бусын үзэгдлүүдийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлсэн нь Кашпировскийн алдарших шалтгаан болсон юм.

Зөвлөлтийн төв телевиз 1989 оны аравдугаар сард “Сэтгэл засалч Анатолий Кашпировскийн эрүүл мэндийн хичээлүүд” хэмээх зургаан ангит нэвтрүүлгийг цувралаар цацаж байсан бөгөөд үүнийг 200 гаруй сая хүн үзсэн гэх тооцоо байдаг.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Кашпировский улс төрд хөл тавьж, 1993 онд үндсэрхэг үзэлтэй Либерал Ардчилсан Намын өмнөөс Оросын анхны Төрийн Думд сонгогдож байжээ.

1995 оны зургаадугаар сард Буденновск хотын эмнэлэгт болсон халдлагын үеэр тэр Чеченийн босогчдын удирдагч Шамиль Басаевыг ятгаж чадсанаар 1,500 орчим хүнийг барьцаанаас суллуулсан ч өөрийг нь бууж өгөхийг ятгаад дийлээгүй юм.

Хожим Кашпировский ардын эмнэлгийн арга барилыг хууль бусаар ашигласан үндэслэлээр Оросын эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтай зөрчилдөж байлаа.

Оросын Шинжлэх Ухааны Академи түүний арга барилыг “хуурамч шинжлэх ухаан” гэж үгүйсгэсэн ч Кашпировский нэр төрөө сэргээлгэхээр хэд хэдэн удаа шүүхдээд ялж байжээ.

Тэрбээр энэ оны гуравдугаар сарыг хүртэл Оросын хотуудаар аялж, YouTube сувгаар эмчилгээгээ сурталчилж, өөрийн дэмжигчдийн хүрээллээ тогтмол хадгалсаар байсан юм.

Кашпировскийтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ аравдугаар сарын 8-ны өдөр буюу түүний телевизийн нэвтрүүлэг цацагдаж эхэлсний ойтой давхцан Москва хотын Троекуровское оршуулгын газарт болох юм байна.

 

Эх сурвалж: The Moscow Times