“Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиуны бичсэн тоймыг хүргэж байна.
"Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын гомдлыг Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хуульд нийцүүлэн хийгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Баатар нь гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа талаарх нотлох баримтууд хуульд заасны дагуу авагдсан байх тул прокурорын гомдлыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс НЭГ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
